11/30/2014

Мо Янь "Дарсны орон"

            Би сүүлийн нэг сар "маш ихээр шархдаж", "хутгалуулж", "толгой түрүүгүй балбуулж", эцэст нь "сүхдүүлж", "гай зовлонд нэрвэгдэж", "уй гашууд автаад" байна л даа. Учир юу гэвэл Франц Кафка ингэж хэлсэн байдаг юм билээ, "Миний бодлоор бид зөвхөн биднийг шархдуулж, хутгалах мэт номуудыг унших хэрэгтэй. Бидний уншиж байгаа ном толгой руу маань цохиж сэрээхгүй байгаа бол, унших ямар хэрэг байна аа?
........................................................................................................................................................................................................................................................................................
Бидэнд гай зовлон лугаа адил нөлөөлдөг, биднийг уй гашууд унагадаг, аминаасаа ч илүү хайрлаг нэгний маань үхэл, бүхнээс алс хол ойд шугуйд цөлөх ял, амиа хорлолт мэт номууд бидэнд хэрэгтэй. Ном нь бидний доторх хөлсөн тэнгисийг цавчих сүх байх ёстой. Энэ миний итгэл үнэмшил.”     Харин би 2012 оны Нобелийн шагналт зохиолч Мо Яний "Дарсны орон" гэдэг номыг уншсан хэрэг л дээ.
            Биднийг юу өөрчилдөг вэ? Дээрх ишлэлийг задлан тунгаавал хариу нь гарч ирнэ. Бидний сэтгэл санааг донсолгосон,  хянаж, тааварлахын аргагүй эргэлт, ихэнх тохиолдолд эмгэнэлтэй, зовлонтой, харамсалтай үйл явдлууд нэгэн хэвийн амьдралын ховсод орж унтсан оюун ухааныг цочоон сэрээж бидний үзэл бодол, итгэл үнэмшил, харах өнцөг, хандлага, мэдрэмжийг огцом өөрчилж байдаг. Өөрөөр хэлбэл манай монголчууд "Хүн зовлон үзэж ухаан суудаг" гэж яридаг. Иймээс Кафка "Бидэнд гай зовлон лугаа адил нөлөөлдөг, биднийг уй гашууд унагадаг" номуудыг унших хэрэгтэй гэж хэлжээ. Тиймдээ ч дийлэнх сонгодог зохиол бүтээл эмэгнэлтэй, гунигтай төгсдөг байх. Египетийн ерөнхийлөгч асан Анвар Садат бас ийн хэлсэн байдаг юм, "Хүнийг өөрчилдөг хоёр л газар байдаг: нэг нь дайн, нөгөөх нь шорон" гэж. Тэгвэл Ц. Дэлгэрмаа гэж яруу найрагч:
               "Достоевскийг уншсаны дараах хачин жигтэй сэрэл-
                Дотроос минь хэн нэгэн алман сүхтэй өндийж,
                Доромж мэт амьдралын модны үндсийг тас цавчлан хаяхыг
                Долоон шөнө дамнуулан зүүдэндээ би үзсэн"
гэж бичсэн байдаг нь аанай л дээрх  ишлэлийг, ялангуяа сүүлээсээ хоёрдох өгүүлбэрийг нь барин тавин батлах мэт.  Гурван өөр цаг үеийн, гурван өөр улс орны, гурван шал өөр хүний, гурван тэс өөр сэдлээр хэлсэн энэ үгс нэг л санаан дээр, бидний хариултан дээр огтлолцож байна.  (Хадуураад явчихлаа)
            Сүүлийн нэг сар миний доторх хөлдүү тэнгисийг цавчигч "сүх" биш бүр хага ярагч "мөс сэтлэгч усан онгоц" ямар нэртэй байв аа? Мо Янь "Дарсны орон".
            Одоо сүржин ишлэл, зүйрлэлээ хаяад энгийн ярья. Би хэдэн мэр сэр өгүүллэгийг эс тооцвол хятад зохиолчдын романыг уншиж байсангүй(Үнэндээ Хятадын туульсын зохиол, яруу найргаас өөр хэр зэрэг юм орчуулагдаж байсан юм бол доо?). Нөгөө дэлхийн "шилдэг борлуулалттай ном" Зян Руний "Чонон Сүлд"-ийг бичиг үсэгт тайлагдсан болгон нь уншаад байхаар нь барьж аваад унших гэсэн чинь эхний тавин нүүрнээс цаашаа, яаж ч хичээгээд яваагүй юм(Одоо болтол шилдэг арван номын жагсаалтад орон гаран яваад байдагт нь гайхах юм. Есөн мянга есөн зуун төгрөгийн үнээсээ болоод байна уу, ерөөсөө бидний бодит байдал ийм байна уу?). Мо Яний хувьд Нобелийн шагнал авсан жил нь буюу 2012 онд "Төмөрхүү" гэдэг өгүүллэгийнх нь орчуулгыг Greenbough.mn билүү дээ нэг утга зохиолын сайтаас уншиж байсан юм(Ингэхэд тэр сайхан сайт яагаад хаагдчихсан юм бол?). Хааяа нэг "Төмөрхүү" толгойд минь орж ирж төмрийн хаягдлаас төмөр түүж идэхэд, хавиралдан нурах төмөр овооны чимээ тархины минь хананд тар няр, дан дан биш "Мо Мо Мо, Янь Янь Янь" гэж цуурайтдаг байлаа. Тэгсэн энэ жил орчуулагч Б. Гэрлээгийн буянаар Мо Яний "Дарсны орон"-д "умбах" зол заяа эсвэл  “живэх” тавилантай байж.
           Мо Яний тухай “Цог” сэтгүүлийн 2013 оны 01-р дугаарт Монгол Улсын Гавьяат багш, утга зохиолын доктор Дашлхүмбийн Галбаатар ийн бичжээ:

            “БНХАУ-ын нэн шинэ үеийн уран зохиолд 2012 он түүхэн тэмдэглэлт жил болов. Энэ нь БНХАУ-ын зохиолч Мон Янь анхлан дэлхийн цуут эрдэмтэн Альфред Нобелийн нэрэмжит Уран зохиолын салбарын шагналыг хүртсэн явдал юм. .............................................................................................................................................................................................................................................................................
            Мо Янь/жинхэнэ нэр Гуань Мо еэ/ 1955 оны хоёрдугаар сарын 17-нд Хятадын Шань Дуны Гаоми мужийн алслагдсан бөглүү тосгонд тариачны гэр бүлд төржээ. Ядуу зүдүү амьдрал, өлсгөлөн, эцгийн ширүүн догшин зан авир, мөн Мо Янийг бага сургууль төгсөх үед Хятад оронд соёлын хувьсгал дэгдэж, түүний угсаа гарлыг дундаж баян тариачны гэр бүлээс гаралтай хэмээн дунд сургуульд элсүүлээгүй тул сургууль завсардаж, хөдөө тосгонд 10 жил үхэр маллаж, хар бор ажил хийсээр 1976 онд цэрэгт татагдсан үеэс түүний амьдрал ахуйд бага сага нааштай өөрчлөлтүүд гарч, тэр багаасаа уран зохиолд дурлаж, дээрх шалтгаанаар сургуулиас хасагдсаны дараа ч өөрийн орны болон гадаадын уран зохиолоос олдсоныг шимтэн уншиж, түүний ээ туршлага, нөлөөнд зохиол бичихийг оролдож байв. 1980 оны үеэс тэр өөрөө болон үзэл санааны хувьд эцэг эхийн байнгын хараа хяналтаас үндсэндээ гарч, улмаар домог туульс сонсон бахархаж, уран зохиол уншиж, хэн нэгний зохиолыг бусдад сэтгэл хөдлөн ярьж өгдөг хүүхэд насны тийм сонирхлын хүрээнээс гарчээ.
            Мо Янь 1981 онд "Хаврын шөнийн шиврээ бороо"/"Falling rain on a Spring Night"/ зохиолоо хэвлүүлж, 1985 онд "Час улаан лууван" тууж нь хэвлэгдсэнээр уран зохиолын салбарт танигдаж, 1986 онд магистрантур төгссөний дараагаас гол бүтээлүүдээ туурвиж, уншигчдын анхааралд оржээ.
            1984-1986 оны намар хүртэл "Хятадын Ардыг чөлөөлөх Армийн харьяа PLA Урлагийн Академийн Уран зохиолын тэнхимд нэрт зохиолч Ксү Хуа Зонг сургагчийн шавь болж, энэ үеэс "Намрын урсгал", "Хуурай гол", Шилжмэл лууван", Улаан сорго цэцэг" цуврал роман, туужаа бичсэн бол түүний ур чадварын өсөлтөд нөлөөлсөн гадаад үлгэр дуурайл нь Америкийн романч У.Фолкнер, Колумбын Г.Г. Маркес нар байсан" тухай Нобелийн шагнал гардуулах ёслол дээр уншсан лекцдээ онцолжээ.
            1986 онд бичсэн "Улаан Сорго" /"Red Sorghum"/ романыг уншигчид өндөр үнэлж, эл бүтээл нь Европ, Латин Америк, Азийн арав гаруй хэл дээр орчуулагдаж, мөн киноны нэрт найруулагч Жан Имоу уран сайхны кино бүтээсэн нь Хятадын кино урлагт шинэ зам, шинэ үеийг нээгээд зогссонгүй дэлхийн киноны ертөнцийг шуугиулж, 1988 оны Берлиний кино наадмын "Алтан баавгай" шагнал хүртэн, "Арван гурван алхам", "Сармисны гол" дууль/"Тянь Тан"/ "Диваажин" сумын тариачдыг сармисны гол тариалах хэрэгтэй гэж засаг төрөөс баян чинээлгийн диваажин руу уриалж, их ургац авсан хойно нь түүнийг нь худалдан авах хүн амьтан үгүйгээс болж, төр засгийн үл гүйцэлдэх бодлого ба гэнэн хонгор сэтгэлт тосгоны тариачдын ядуу зүдүү өрөвдөлтэй амьдралын зөрчлөөр Хятадын нийгэм, эдийн засаг, удирдлагын ам ажлын зөрүүг ёгтлон харуулж, энэ явдлыг эсэргүүцсэн тариачдын үймээн самуун дэгдсэн тухай өгүүлнэ/, "Том хөх, зузаан хонго", "Зандан модны ял ба шийтгэл", "Намайг шаналгасан үхэл ба амьдрал", "Мэлхийнүүд" романууд  өөрийн орон төдийгүй гадаад ертөнцөд нэр олсон байна.
            Анхны номоо хэвлүүлсэн цагаас хойш 30 гаруй жилийн туршид Мо Янь 80 орчим өгүүлэг, 30 тууж, 11 роман, хүүрнэл зохиолын таван түүвэр, шилмэл бүтээлийн гурван боть зохиол, есөн кино зохиол туурвиж дотоод, гадаадын нэртэй шагналууд хүртэж байв.
            Зохиолчийн бүтээлд өсөж төрсөн нутгийнхан болон Хятадын хөдөөгийн аглаг буйд тосгоны тариачид малчдын амьдрал ахуйн байдал, нутаг нугынхны аж төрөл, тэр дундаа жирийн тариачин олны борви бохисхийлгүй зүтгэх хүнд хүчир хөдөлмөр, зовлон зүдгүүр, хоцрогдсон харанхуй бүдүүлэг ёс заншил, буурай ахуй ул төрийн харалган бодлого, ёс суртахууны ялзралыг гүнзгий нээж, нийгмийн хүрээнээ бугшсан хүнд суртал хударгагүй, шударгагүй байдал, харилцааны болон хүний ёс жудагт гарч буй гажиг, нийгмийн хоцрогдол, шүтлэг бишрэл хийгээд ураглах ёс, сэтгэлийн бохирдол, эгэл олны амьдрал, эрх, эрх чөлөөт амьдралын төлөө хийж буй тэмцэл, иргэний тэсвэр тэвчээр, хатуужилт зан төрхийг балмад хэрцгий, аймшиг төрүүлэх үйл явдлын сюжетэд оруулж үлгэр домогчлолын элементийг чөлөөтэй оруулж дүрсэлдэг онцлог тод ялгардаг
            Мон Яний дүрслэх арга барил, уран сайхны илэрхийлэл, сэтгэлгээний галбир, бичлэгийн хэв маягийн хувьд балар эртний домог, үлгэр, туурь, ардын туульс, түүхийн бодот баримт, орчин цагийн Хятадын нийгмийн өнөөгийн амьдралын үзэгдлүүдтэй нягт нарийн холбож хослуулдаг ХИЙ ҮЗЭГДЛИЙН РЕАЛИСТ(Hallucinatory realism; галлюционаторный реализм гэдэг нь шүүмжлэгчид наанадаж 1970-аад оноос урлагийн бүтээлийг тодорхойлохдоо ашиглаж байгаа нэр томъё юм. Зарим тохиолдолд энэхүү нэр томьёо шидэт реализмын ойлголттой холбоотой боловч, хий үзэгдлийн реализм гэдэг нь ихэвчлэн dream-state/хүн орчин тойрноо танихгүй байгаагийн улмаас ердийн зан авираасаа эсрэгээр аашилдаг өөрчлөгдсөн ухамсрын нөхцөл байдал/буюу “зүүд зэрэглээний байдалтай илүү хамааралтай юм”. үүнийг бичигч)сэтгэлэг, арга барилаар зохиолоо бичдэг гэж өрнөдийн судлаачид тодорхойлж байна.
.............................................................................................................................................................................................................................................................................
            "Би бол туульч. Үлгэр хэлсний минь төлөө Нобелийн  шагнал олгосон. Шагнал хүртэхэд минь сонирхолтой олон зүйл тохиолдсон, үнэн бас шударга, амьд, мөн сайн байхыг надад сануулсан. Тэгэхээр дараагийн ирэх өдрүүдэд би үлгэрээ үргэлжлүүлэн хэлэх болно" хэмээн Нобелийн шагнал гардаж авах ёслол дээр хэлсэн үгээ төгсгөжээ.
           
            "Дарсны орон" номын тухайд Өрнө дахинаа хятад ахуйн нэвтэрхий толь гэж алдаршсан бүтээл хэмээн үнэлдэгтэй нь энгийн нэгэн  мөхөс уншигч би бээр "хоёр гараа өргөн" санал нэгдэж байна(Тиймдээ ч Мо Янийг Өрнөдөд Хятадын Толстой хэмээн өргөмжилдөг байх). "Дарсны орон" романы сэдэв онц сонирхолтой бөгөөд сэтгэл сэрт хийлгэм(хятад хүний хоол хүнс, идээ ундаа, архи дарсанд хандах хандлага хийгээд каннибализм буюу хүний мах идэх явдлын тухай гарна), өрнөл нь нууцлаг тодорхой бус (Альфред Хичкокын "Vertigo" буюу "Уймраан" хэмээх suspense кино шиг/олон suspense киног thriller буюу онц сонирхолтой төрлийн кинонд багтаадаг боловч suspense кино нь тодорхойлох үгийнхээ дагуу үйл явдал нь тодорхой бус, учир битүүлэг байдгаараа онцлогтой/), өнгө аяс нь хирд хийм, хачин жигтэй, бичлэгийн хэв маяг нь тун өвөрмөц, онцлог("Мо Янь золигийн ер бусын бичлэгийн арга барилтай. Мо Яниас хугас хуудас уншихад даруй түүнийг гэдгийг танина" гэж Нобелийн академийн тэргүүн Петер Энглунд гэдэг эрхэм хэлжээ).
            "Дарсны орон" романд уран зохиол туурвихыг дарс исгэхтэй зүйрлэсэн байдаг. Номыг дарс хэмээвээс "Дарсны орон" болбоос олон онд бүрэлдсэн, түмэн умдааны охь дээжийн нэг маргаангүй мөн. "Дарсны орон"-ыг "шимэн сууж" ахуйд Ш.Очирбат гуайн орчуулгаар Толстойн "Анна Каренина", "Хар Малгайт" Жамбал агсны орчуулгаар Сервантесийн "Кихот Ноён",  Г. Амар агсаны ариутган шүүснээр Шолоховын "Дөлгөөн Дон", Г. Аким гуайн орчуулгаар "Зуун жилийн ганцаардал", мөн Айтматовын "Цаазын тавцан", С. Бадраагийн орчуулгаар "Зуунаас ч урт өдөр"(мөн Чингиз Айтматовын зохиол), Ц. Гомбосүрэн гуайн орчуулгаар Булгаковын "Мастер Маргарита хоёр", Д. Чойжил, Б.Бүдболд нарын орчуулгаар Набаковын "Лолита" номуудыг уншиж байсан лугаа адил Монгол эх хэлээрээ бахархан бахдах, орчуулагчийн хоёр хэлийг гарамгай эзэмшсэн ур чадвар, цаад орныхоо соёл уламжлал, ёс заншил, түүх шастирт нэвтэрхий суралцсан зэргийг нь бишрэх сэтгэл ахин дахин төрж байв. Чингээд "Дарсны орон"-ы "орц найрлагыг" орхигдуулахгүй, хамгийн гол нь "амин сүнс"-ийг нь алдагдуулахгүй исгэж бидний оюун ухааны ангааг тайлж, "дайлж" байгаа явдалд нэн их баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд орчуулагч Б. Гэрлээгийн эрүүл энх, цаашдын уран бүтээлийнх нь төлөө сэтгэлийн нэгэн хундага өргөе.


Жич: Б. Гэрлээ орчуулагч миний мэдэхийн өөр Харуку Муракамигийн "Норвегийн ой", Орхан Памукын "Галт Улаан", уран зохиолын бус "Путин" хэмээх номуудыг эх хэлнээ хөрвүүлжээ.