1/17/2016

ҮНЭН, ЭР ЗОРИГ Расул Гамзатовын "Миний Дагестан" номооc

"Untrue by inch untrue by mile."




АВАРЧУУДЫН ЯРИЛЦАХ НЬ. Үеийн үед үнэн худал зэрэгцэн явж байна. Үеийн үед хэн нь хэрэгтэй тустай, хүчтэй, болохоо маргаж байна. Худал өөрийгөө хэлнэ. Үнэн өөрийгөө хэлнэ. Ийнхүү маргаан үл тасарна.
Нэгэнтээ тэр хоёр орчлонгоор явж асуухаар шийджээ. Худал түрүүлэн тахир нарийн зөргөөр гүйж завсар заальхай бүрээр шагайн цоорхой бүрээр үнэрлэж догол бүрээр орж явжээ. Үнэн толгойгоо бардам өргөж гагцхүү өргөн шулуун замаар алхалжээ. Худал цаг ямагт хөхөрч, үнэн нь бодлогошрон цаг ямагт гунигтайяа байжээ.
Тэд янз бүрийн замаар явж олон хот, айлаар орж, хаан, яруу найрагч, ван, шүүгч, наймаачин, төлөгч, энгийн хүн ардтай уулзжээ. Худал очсон газар хүмүүс чөлөөтэй амар байв. Тэд нэг нэгнээ харж инээж тэр агшиндаа бие биенээ мэхлэвч таатай янзтай агаад бие биенээ мэхэлж буйгаа мэдэж байв. Худал хэлж бие биенээ мэхэлж буйдаа тэд цухалдсан юмгүй зоригоор хөнгөн ажээ.
       Үнэн очсон газар хүмүүс царай барайж нэг нэгнээс харцаа зайлуулж зовхио буулгана. Үнэний төлөө хүмүүс чинжаалаа шүүрч гомдсон нь гомдоосонтойгоо тэмцэж, наймаачид руу худалдан авагчид дайрч, энгийн хүмүүс хаан руу, хаан нь шаг хаан руу довтолж, эр нь эхнэр болоод эхнэрийнхээ нууц амрагийг алж цус урсан байв.
       Учир иймээс ихэнх хүн худалд ийн өгүүлрүүн:
       -Биднээс бүү холд! Бидэнд чи сайн нөхөр! Чамтай байхад бид амар хялбар амьдарна. Харин үнэн чи бидэнд гагцхүү зовлон болж байна. Бодох хэрэгтэй. Сэтгэл зовох хэрэгтэй. Шаналах хэрэгтэй. Тэмцэх хэрэгтэй. Гэхдээ чамаас болж залуу дайчид, яруу найрагч, эр цэрэг амь алдсан нь цөөдлөө гэж үү?
            -
За, ямар байна. Би илүү хэрэгтэй, тустай байгаа биз дээ? Бидний орсон айл болгон чамайг бус намайг талархаж байна гэж үнэнд худал нь егүүлэв.
       -За, төвхнөсөн олон газраар бид орлоо. Одоо оргил дээр гаръя. Явж хүйтэн тунгалаг булаг, өндөр уулын нугад ургадаг цэцэгс, мөнхөд цайран гялбагч цаснаас асууя.
       Оргил дээр түмэн жилийн түүх буй. Тэнд баатарчуул, яруу найрагч, цэцэд, гэгээнтэн олны бодол дуу, гэрээс, мөнхийн үнэн үйлс зүтгэл буй. Оргил дээр гагцхүү орчлонгийн энэ өчүүхэн хөл үймээнээс үл айгч мөнхийн үйлс амьдардаг юм.
       -Би тийшээ явахгүй гэж худал хариулжээ.
       -Өндрөөс чи тэгээд айж байна уу? Тиймээ, нам дор газар зөвхөн хэрээ шувуу шаваарч хамгийн өндөр уулнаас өндөрт бол бүргэд шувуу дүүлдэг шүү дээ. Хэрээ байх нь бүргэдээс илүүтэй гэж чи үзэж байна гэж үү? Чиний айгаад байгааг чинь мэдэж байна! Чи ерөөс аймхай юм. Дарс бялхсан хуримын ширээний ард чи маргаж байхаас бус чинжаал харшиж хангинасан хашаан дотор гарахаас чи айж байна.
       -Чиний тэр өндрөөс би айхгүй. Гэвч тэнд чинь хүмүүс байхгүй болохоор би тэнд чинь очихын хэрэггүй. Хүн оршдог энэ нам дор газар би эзэгнэнэ. Би хүмүүсийг бүгдийг нь захирна. Хүмүүс цөм миний харьяат. Гагцхүү миний эсрэг хэдхэн тооны зоригтон зүрхлэн зогсож чиний зам, үнэний замаар орж байна. Тийм хүмүүс хуруу дарам цөөн юм.
       -Тиймээ, цөөхөн! Гэхдээ тэр хүмүүсийг баатарчууд гэдэг юм. Тэдний тухай яруу найрагчид шилдэг дуугаа зохиодог юм.
     ЦОР ГАНЦ ЯРУУ НАЙРАГЧИЙН ТУХАЙ ШОГ ҮГ.
       Энэ шог үгийг надад Абуталиб ярьсан юм. Нэгэн хаант улсад маш олон яруу найрагч байжээ. Тэд айлаар хэсэж дуугаа дуулдаг байлаа. Зарим нь хийл, зарим нь хэц, зарим нь чонгуур, зарим нь зурна хөгжмөөр хөгжимдөнө. Хаан ажил үйл эрхлээгүй буюу эсвэл авгай нараасаа чөлөөтэй байсан цагтаа яруу найрагчдын дууг сонсох дуртай байжээ.
       Нэгэнтээ өөрийн шударга бус харгис шунахай явдлын тухай дууг хаан сонсоод хилэгнэж, хараалын дуу зохиосон яруу найрагчийг олж хааны ордонд авчрахыг зарлиг болгожээ.
       Тэр дуу зохиогчийг олж чадсангүй. Тэгээд бүх яруу найрагчдыг барь гэж түшмэл, даамлууддаа тушаажээ. Алс хавцгай, уулын зөрөг, зам, айл бүрээр хааны харгалзагчид анч ноход адил давхилджээ. Дуу зохиож дуулсан бүхнийг тэд барьж ордны шоронд хорьжээ. Өглөөгүүр хаан баригдсан яруу найрагчдын өмнө гарч:
            -За одоо хүн бүр надад өөрийнхөө нэг дууг дуулж өг гэжээ.
            Бүх яруу найрагч ээлжээр дуу дуулж хааны цэцэн оюун, сайхан сэтгэл, үзэсгэлэнт эхнэрүүд, аугаа их хүчин чадал, алдар нэрийг магтжээ. Газар дэлхий дээр урьд өмнө ийм их шударга хаан ер байгаагүй гэж тэд дуулжээ.
            Яруу найрагчдыг хаан суллан явуулсаар байлаа. Эцэст нэг ч дуу дуулаагүй гуравхан яруу найрагч шоронд үлджээ. Тэр гурвыг шоронд нь үлдээсэнд хаан тэднийг мартжээ гэж хүмүүс боджээ.
            Гагцхүү гурван сарын дараа хаан тэр хоригдлуудад ирж:
            -За одоо та нар тус тусдаа өөрийнхөө зохиосон нэг нэг дууг дуулж өг гэжээ.
            Тэдний нэг нь тэр даруй дуу дуулж хааны тунгалаг оюун, сайхан сэтгэл, үзэсгэлэнт эхнэрүүд, аугаа их хүчин чадал, алдар нэрийг нь магтжээ. Газар дэлхий дээр урьд өмнө ийм их хаан байгаагүй гэж тэр дуулжээ. Тэгээд тэр дуучинг суллажээ. Дуулах дургүй нөгөө хоёрыг нь талбайд бэлдсэн түүдгийн зүг аваачив.
            -Одоо та нарыг галд шатаана. Надад ямар нэг дуу дуулж өг гэж эцсийн удаа хэлж байна хэмээн хаан өгүүлэв.
            -Тэр хоёрын нэг нь тэссэнгүй, дуу Дуулж хааны тунгалаг оюун, сайхан сэтгэл, үзэсгэлэнт эхнэрүүд, их хүчин чадал, алдар нэрийг магтжээ. Газар дэлхий дээр урьд өмнө ийм аугаа шударга хаан ер байгаагүй гэж тэр дуулжээ. Тэр дуучинг мөн суллажээ. Дуулах дургүй эцсийн зөрүүд нэг нь үлджээ.
            -Үүнийг шонд хүлж, галд гэж хаан тушаажээ.
            Шонд хүлээстэй яруу найрагч гэнэтэд эл бүх түүх эхэлсэн мөнөөх шударга бус, харгис, шунахай хааны тухай дууг дуулжээ.
            -Үүнийг бушуухан тайлж галаас ав. Өөрийн орны цор ганц яруу найрагчаа алдахыг би хүсэхгүй байна гэж хаан хашгирчээ.
            -Тийм яруу найрагч цөөхөн байдаг шиг ухаантай энэрэнгүй хаан аль нэгэнтээ ер байдаг гэж үү хэмээн Абуталиб яриагаа төгсгөж билээ.
МИНИЙ ЭЦЭГ ЯРЬСАН НЬ. Ойр дотны хүмүүс нь нэгэнтээ аугаа их Шамилиас асуусан нь:
            -Гэгээнтэн минь хэлж соёрх, яагаад та шүлэг зохиож дуу дуулахыг хориглосон юм бэ?
            Шамиль хариулж хэлсэн нь:
            -Жинхэнэ яруу найрагч нь л үлдэг гэж тэгсэн юм. Жинхэнэ яруу найрагч бол яалаа ч гэсэн шүлгээ зохионо шүү дээ. Харин өөрийгөө яруу найрагч гэж нэрлэдэг хуурамч, зусарч, олз эрэгчид бол миний хориглосонд айж хулчийгаад дуугүй болох нь мэдээж юм. Тэгж тэд өөрийгөө болоод ард түмнийг хуурахаа болино гэжээ.
.................................................................................................................................................................................................................................................................................
            ДУРТГАЛ. Багад минь эцэг нэгэнтээ намайг ихэд залхааж билээ. Зодуулахыг би хэдүйн мартаад байсан боловч зодуулсан учраа одоо хүртэл би батад санаж явдаг.
            Өглөөгүүр би сургуульдаа очих гэж буй мэтээр гэрээсээ гарлаа. Үнэндээ гудамжны булан тойроод эргэж өөр нэгээр тойрон тэр өдөр сургуульдаа очсонгүй. Гудамжны хүүхдүүдтэй орой болтол тэвэг өшиглөв. Ном ав гэж эцэг хэдэн төгрөг надад өгснийг тоглоомд зориулж орчлонгийн хамаг юмыг мартав. Мэдээжээр мөнгө төдөлгүй дууссанд хаанаас мөнгө олох билээ гэж бодлоо. Хор шартай тоглоомоор тоглоод сүүлчийн сохор зоосоо алдах үед дахиад тавхан мөнгө олдоосой, тэгвэл дахин тоглож алдсанаа буцааж аваад бүр ч бас хожчих юмсан гэж бодогдоно. Хожмоор ч санагдана. Надад мөн тийм бодол төрж хэдхэн бутархай мөнгө л олдвол би хожчихмоор санагдлаа.
            Хамт тоглож байсан хүүхдүүдээсээ би зээл гуйлаа. Хэн нь ч надад өгсөнгүй. Тоглоомын үед хожигдсон хүнд зээл өгвөл өөрөө бас хожигдоно гэсэн үг байдаг байлаа.
            Би арга оллоо. Хот айлын бүх гэрээр орж маргааш бөхчүүл ирнэ, тэгээд намайг тэдний ирэхэд зориулж мөнгө цуглуул гэж даалгалаа гэж ярив.
            Айлуудын үүдээр шиншлэн гүйж яваа өлссөн золбин нохой юу олдог билээ. Эсхүүл зодуулна, эсхүүл яс олно. Надад ч мөн зарим нь өгч, зарим нь дургүйцлээ. Мэдээжээр эцгийн минь нэрийг бодохдоо өгч байсан биз.
            Хот айлыг хэсэж дуусаад олсноо тоолж үзвэл дахии тоглож болохоор байлаа. Гэтэл мөнөөхөн зовж байж олсон мөнгө тийм ч удсангүй. Түүнээс гадна тоглож байх үед мөлхөх хэрэг гарч байлаа. Өдрийн дотор миний өмд цоорч өвдөг минь ч шалбарлаа.
            Түүнээс гадна гэрийнхэн ч мэдчихээд намайг хайж том ах нар маань айл айлаар орж намайг хайж, бөхчүүл ирнэ гэж надаас сонссон хот айлынхан чухам хззээ ирэхийг нь мэдэх гэж манайх руу цувран байжээ. Нэг үгээр хэлбэл, намайг гэрт минь чихдэж аваачихаас бүр өмнө миний бүх адал явдал тэдэнд илэрхий болсон байв.
            Тийнхүү би эцгийн шүүлтэнд оров. Орчлон дээр миний хамгийн их айдаг юм энэ шүүлт билээ. Намайг эцэг хөлөөс толгой хүртэл ажиглав. Сакля байшингийн цонх бөглөсөн өдөн дэр адил миний хавдсан хавдсан өвдөг цоорхойгоор цухуйна.
            -Энэ юу юм бэ гэж эцэг тайван дүртэй асуув.
            -Өвдөг гэж хэлээд би цоорхойг гараар таглахыг оролдов.
           -Өвдөг ч мөн л байна л даа. Яагаад ил гарчихсан юм бэ? Хаана өмдөө урсанаа хэл гэв.
           Тэр хагархайг би дөнгөж л сая харж буй мэтээр өмдөө харав. Худалч аймхайчуулын сэтгэл зүй хачин ажээ. Худал хэлэх нь инээдэмтэй агаад ямар ч ашиггүй гэдгийг том хүмүүс цөм мэддэг хэдүй боловч шууд үнэн хариулахаас эцсээ хүртэл зайлж эсэн бусын юм санаанаасаа зохиож хэлдгийг яана.
          Эцгийн хоолойноос догшин аялгуу гарч эхэллээ. Өрхийн тэргүүлэгчийн занг мэдэж гэрийнхэн намайг хамгаалах гэж яарав. Гэтэл эцэг тэднийг занаж холтгоод ахин асуусан нь:
            -За тэгээд яагаад чи өмдөө урсан юм бэ?
            -Сургуульд... хадаасанд өлгөгдөөд...
            -Юу, юу гэнээ, дахиад хэл.
            -Хадаасанд.
            -Хаана?
            -Сургуульд.
            -Хэзээ тэр бэ?
            -Өнөөдөр гэж би хариулав.
            Эцэг гараа далайж хацрыг минь алгадаад,
Өмдөө яаж урснаа одоо хэл гэв.
            Би дуугүй байв. Эцэг нөгөө хацрыг минь дахин алгадаж,
            -Одоо хэл гэв.
            -Би уйллаа.
            -Дуугаа тат гэж эцэг зандраад ташуур авахаар сарвайлаа.
            Би уйлахыг болив. Эцэг ташуураа далайж, юу болсноо одоо чи цөмийг хэлэхгүй бол ташуурдана гэв.
            Сур нь чулуу шиг хатуурсан тэр ташуурын амтыг би мэдэх билээ. Үнэнээс айхаас тэр ташуураас айх нь хүчтэй тул хийсэн хэргээ би өглөөнөөс эхлээд дэс дараалан тоочлоо.
            Шүүж дууслаа. Гурван өдөр би бие хачин явлаа. Гэрт ч тэр, сургуульд ч тэр амьдрал байдгаараа л байх шиг байлаа. Харин сэтгэл минь нэг л гонсгор. Эцэг надтай ярилцана гэж би мэдэж байлаа. Би ч гэсэн тийнхүү ярилцаасай гэж илүү их хүсэж бүр ч хүслэн болж байв. Эцэг надтай ярих ер дургүй учир тэр хэд хоногт би хамгийн зовуурьтай явлаа.
            Гурав дахь өдөр надад эцэг чинь дуудаж байна гэж хэллээ. Эцэг намайг дэргэдээ суулгаад толгойг минь илбэн сургуульд юу зааж байгаа болоод би ямар дүн авч байгааг асуулаа. Тэгээд гэнэт ийн асууруун:
            -Яагаад би чамайг зодсон гэж бодож байна гэв.
            -Мэдэж байна гэж би хариулав.
            -Чиний бодлоор бол юунаас болсон бэ?
            -Мөрийтэй тоглосноос болсон гэж би хэлэв.
          -Тэрнээс болоогүй. Бидний хэн нь ч багадаа мөрийтэй тоглож байсан. Би ч тоглож байсан, чиний ах нар ч тоглож байсан гэхэд нь би,
            -Өмдөө урснаас болсон гэж хэлэв.
            -Өмдөө урснаас болоогүй. Бидний хэн нь ч багадаа өмд цамцаа урж байсан шүү дээ. Толгой тархи маань л бүтэн үлдсэн нь яамай. Чи ямар зөрөг дагаж явдаг охин биш дээ гэж аав хэллээ.
            -Тэгвэл сургуульдаа очоогүйгээс болсон гэж би хэллээ.
          -Тийм ээ, энэ чинь чиний ихээхэн алдаа болж тэр өдрийн чиний хамаг буруу гэм түүнээс эхэлсэн. Үүнээс гадна мөн чиний өмдөө урсан, мөрийтэй тоглосонд чинь загнах хэрэгтэй юм. Адаглаад би чиний чихийг мушгилгүй яахав. Хүү минь би чиний худал хэлсэнд чинь болж зодсон шүү дээ. Худал хэлнэ гэдэг алдаа биш, тохиол биш, лавширч болох зан араншингийн тэмдэг. Энэ бол чиний сэтгэл санааны чинь талбайд байгаа аймшигт хог ургамал. Тэр хог ургамлыг цагт нь үндсээр нь авч хаяхгүй бол сайхан үр тариа ер ургах зайгүй болж хамаг талбайг чинь тэр хог ургамал эзэлнэ. Худал хуурмагаас аймшигтай юм энэ орчлонд ерөөс байхгүй. Худал хуурмагийг хөөж зодож болохгүй. Дахиад чи надад худал хэлбэл би чамайг ална. Энэ мөчөөс эхлээд чи зөвхөн үнэнийг ярьж яваарай. Тахир тахыг ч тахир тах гэж хэлж, домбоны тахир бариулыг чи домбоны тахир бариул гэж хэлж, муруй модыг муруй мод гэж хэлж яваарай. Ойлгов уу? гэв.
            -Ойлголоо гэж би хэлэв.
            -Тэгвэл яв гэж эцэг хэллээ.
Хэзээ ч худал хэлэхгүй гэж би дотроо тангараг тавиад гарав. Түүнээс гадна эцэг надад хичнээн хайртай ч гэсэн ямар нэг хэрэг тохиолдоход хэлсэн үгэндээ хүрч намайг ална гэдгийг би мэдэж байлаа.
            Олон жилийн дараа би энэ түүхийг нэгэн нөхөртөө ярилаа.
            -Яаж чи энэ өчүүхэн, энэ ялихгүй худал хэлснээ одоо хүртэл мартдаггүй байна гэж найз маань дуу алдав.
            -Худал бол худал, үнэн бол үнэн шүү дээ. Худал үнэнд том бага гэж байхгүй. Үхэл гэж байдаг, амьдрал гэж байдаг. Үхэл ирэхэд амьдрал үгүй болно. Харин амьдралын амьсгаа тасраагүй байвал үхэл арай л ирээгүй байгаа хэрэг. Үхэл, амьдрал зэрэгдэн оршиж чадахгүй. Нэг нь нэгийгээ устгадаг. Үнэн худал мөн тийм.
            Худал гэгч гутамшиг, шавхай, угаадас. Үнэн гэгч сайхан үзэсгэлэн, гялалзах өнгө, цэлмэг тэнгэр. Худал гэгч аймхай зан. Үнэн гэгч эр зориг. Нэг бол энэ нь нэг бол нөгөө нь байхаас биш дундаж гэж байж болохгүй.
...................................................................................................................................................................................................................................................................             Зөвхөн худал л ял зэмлэлгүй үлдэж байсан биш үү! Үнэнийг л шийтгэж байсан биз дээ? Чухамхүү үнэний тулд хүмүүс зовж, чухамхүү үнэний төлөө тэмцсэн тэдний толгой дээгүүр ташуур исгэрч байсан жишээ түүхэнд зөндөөн биз дээ?!
     Үнэн үгнээс татгалзахгүй гэж багадаа би мөн л ихээхэн эр зориг гаргадаг байлаа. Татгалзчихвал сэтгэл амардаггүй, ёстой нэг хамгийн аймшигтайгаар санааны зовлон эдэлдэг байлаа.
            Эр зоригтон өөрийн итгэлээ өөрчилдөггүй юм. Дэлхий эргэдэг гэж тэд мэднэ. Нар дэлхийг тойрдоггүй, дэлхий нарыг тойрдог гэдгийг тэд мэднэ. Шөнийн дараа гарцаагүй өглөө болж, дараа нь өдөр, тэгээд шөнө болно гэдгийг тэд мэднэ. Өвөл хавраар солигдож, тэгээд тунгалаг зун болно...
            Эцсийн эцэст нинжин сэтгэлийн ташуур, нэр төрийн ташуур, үнэний ташуур тэрхүү худал хуурмагийг мохоох болж хэзээ худал хуурмаг нь үнэнийг ялж дийлэхгүй болох амой.
.....................................................................................................................................................................................................................................................................