3/24/2014

Мэргэн ухааны хуанли: Толстой эрдэм мэдлэг хийгээд амьдралын утга учрын тухай

“Эрдэмтэн хүн олон ном мэддэг; сайн боловсролтой хүн мэдлэг, чадвартай байдаг; харин гэгээрсэн хүн амьдралынхаа зорилго болоод утга учрыг ойлгодог."
Л.Н. Толстой


1884 оны 3-р сарын 15-ны өдөр Лев Толстой өдрийн тэмдэглэлдээ ийн бичжээ: “Би өөртөө уншлагын орчил бий болгосон: Эпиктет (МЭ 55–135; грекийн гүн ухаантан), Марк Марк Аврелий (МЭ 121-180; Ромын эзэн хаан, гүн ухаантан), Лао-Цзы (МЭӨ 6-р зуун, эртний хятадын гүн ухаантан), Будда, Паскаль (1623–1662; Францын математикч, гүн ухаантан), “Шинэ гэрээ” гм. Түүнчлэн хүн бүр эднийг унших хэрэгтэй.
Ингээд Толстой “нэг жилийн өдөр бүрт зориулан бүх цаг үеийн, бүх үндэстний хамгийн агуу гүн ухаантнуудын онч мэргэн санаануудыг” түүвэрлэж эхэлжээ. Дараа жил нь тэрээр туслахдаа өөрийн төлөвлөгөөгөө тайлбарлан бичсэн байна:
“Сократ, Эпиктет, Арнольд (Английн яруу найрагч, утга зохиол шүүмжлэгч; 1822-1888), Паркер гэх мэт сод сэтгэгчидтэй холбогдож байгаа нь надад агуу их дотоод хүчийг өгч байна... Тэд надад хүн төрөлхтөнд юу хамгийн чухал хийгээд амьдралын утга учир юу болох тухай өгүүлж байна... Би нэг ном бичмээр байна – хүнд амьдралынх нь тухай, “Сайн Сайхан Амьдралын” тухай хэлж өгөх ном бүтээмээр байна”.
Толстой дараагийн 17 жил тэдгээр цэцэн мэргэн ухааны хэсгүүдийг цуглуулахад зарцуулав. Эцсийн эцэст тэрээр 1902 онд, нас ная хэвийж, хүнд өвчтэй, мөнх бустай нүүрэлдэж байх үедээ “Өдөр бүрийн мэргэн бодол” хэмээх нэртэй номыг бичихээр ширээнээ суужээ. Гар бичмэлээ хэвлэх газар руу явуулсныхаа дараа Толстой нэг юм амьсгаа аван, өдрийн тэмдэглэлдээ ингэж тэмдэглэжээ:
“Номыг нь уншсан, Уншлагын орчил-оосоо гаргалгааг нь сонгосон хамгийн шилдэг, цэцэн мэргэн хүмүүстэй холбогдсоноороо би оюун санаа, ёс зүйн хувьд оргил дээр гарсан мэт санагдаж байна.”
“Мэргэн хүмүүсийн бодролууд” хэмээн нэрийг нь сольсон энэхүү ном анх 1904 онд хэвлэгдэж, тун удалгүй дэлгэрүүлсэн, дахин засварласан хувилбар нь “Мэргэн ухааны хуанли” нэртэйгээр нь гарсан юм, энэхүү номонд тодорхой өдөр бүрийн сэдвийг хамарсан ишлэлүүд болоод Толстойн өөрийнх нь хэдэн зуун бодролууд багтжээ.
............................................................................................................................................
Толстой оршилд нь ийн бичжээ:            “Би энэхүү номын уншигчдыг, номыг бүтээхээр ажиллаж байхдаа, мөн өмнөх хувилбарыг баяжуулж сайжруулахаар өдөр бүр унших бүртээ миний ахин дахин мэдэрч байсан тэр л уужуу тэнүүн, агуу сайхан мэдрэмжийг авна гэж найдаж байна.”
........................................................................................................................................


Олон хэрэгцээгүй, хир тааруухан юм мэддэг байснаас цөөхөн мөртлөө хэрэгтэй, чухал шаардлагатай зүйлийг мэддэг байсан нь дээр.

Цомхон, сонгомол номын санд ямар агуу эрдэнэс нуугдана вэ! Мянга мянган жилийн түүх шастиртай, дэлхийн соёл иргэншилтэй улс бүрийн хамгийн цэцэн мэргэн, хамгийн хүндлүүштэй хүмүүсийн нэгдэл болсон энэ шилмэл номын сан бидэнд, тэдний эрэл хайгуул, тэдний оюун билгийн үр дүнг хүртэх боломжийг олгож байна. Тэдний хамгийн дотно найздаа ч дэлгээгүй байж мэдэх бодол санаа өөр зууны хүмүүс бидэнд зориулагдан тодорхой, ойлгомжтой үгсээр бичигдсэн байнам. Тийм ээ, бид сайн номууд - бидний амьдрал дахь хамгийн тэргүүлэх оюун санааны ололт амжилтуудад талархах учиртай.”
 Ральф Уолдо Эмерсон (1903-1882; Америкийн эсээч, зохиолч, яруу найрагч, гүн ухаантан) 1-р сарын 1

“Эхлээд сайн номуудыг унш, эс бөгөөс чамд цаг олдохгүй.” Хенри Дэвид Торо (1817-1862, Америкийн байгаль судлаач, трансценденталист гүн ухаантан) 1-р сарын 1


            “Ой ухаанаар биш оюун ухаанаараа олж авсан мэдлэг л жинхэнэ мэдлэг болно. Бидэнд заасныг мартахад л бид жинхэнэ мэдлэгийг олж эхэлдэг.”
Хенри Дэвид Торо, 1-р сарын 9

            “Бусад хүмүүсийн илэрхийлсэн бодол санааны байнгын урсгал хүний өөрийн санаа, сэдлийг зогсоож, дарангуйлах аюултай... Иймээс байнга л суралцах нь хүний тархийг сулруулдаг... Өөрөө бодож сэтгэхээ байж, оюун ухаандаа бусдын номлолд зай тавьж өгөх явдал надад нэгэнтээ Шекспир, бусдын нутгийг үзэхийн тулд өөрийн газраа зарсан үеийнхнийгээ ёжилж байсныг санагдуулаад байдаг юм.” Артур Шопенхауэр(1788-1860, Германы гүн ухаантан), 1-р сарын 9

              “Жинхэнэ мэргэн ухаан бол бүгдийг мэдэх биш, харин амьдралд юу хамгийн хэрэгтэй, юу  тийм ч чухал бус, юу ямар ч шаардлагагүйг мэдэж байх явдал юм. Хамгийн хэрэгцээтэй эрдмийн дундаас хэрхэн сайхан амьдрах тухай эрдэм нь хамгийн чухал юм - тэр нь амьдралдаа аль болох бага балаг тарьж, аль болох их сайн сайхныг бүтээх юм. Өнөө үед хүмүүс хэрэгтэй хэрэггүй шинжлэх ухаануудыг судлах мөртлөө энэ хамгийн чухал мэдлэгийг судлахаа мартах болж.”
Жан Жак Руссо(1712-1778; Женевийн философич, зохиолч, хөгжмийн зохиолч),
3-р сарын 16

Шинжлэх ухаан төгсгөлгүй олон салбарт хуваагдаж болно, тэгэхээр салбар бүрт хөөж болох мэдлэгийн хэмжээ хязгааргүй. Чингэхлээр хамгийн шийдвэрлэх мэдлэг нь юуг зайлшгүй сурвал зохих, юуг сурах шаардлагагүйн тухай юм.
Өнөө цагт асар их хэмжээний мэдлэг хуримтлагджээ. Удалгүй энэ мэдлэгийг судлахад бидний чадал мөхөстөж, нас хүрэлцэхгүй болно. Бидний мэдэлд өргөн уудам мэдлэгийн сан байна, гэвч бид тэдгээрийг судалсныхаа дараа ихэвчлэн огтхон ч ашигладаггүй. Ийм шаардлагагүй мэдлэгийн хэрэггүй ачаатай байснаас байгаагүй нь дээр.”
Иммануил Кант (1724-1804, гүн ухаантан, Пруссын метафизикч), 4-р сарын 1

Гол нь мэдлэгийн хэмжээ биш мэдлэгийн чанар юм. Хүн юу хамгийн чухаг вэ гэдгийг мэдэлгүйгээр олон зүйл мэддэг байж болно.
            Хоёр төрлийн мунхаг байна: Нэг нь, цэвэр - бүх хүмүүсийг төрхөөс нь л байдаг төрөлхийн мунхаг, нөгөөх нь мэргэн цэцэн гэгддэг мунхаглал байна. Өөрсдийгөө эрдэмтэд гэдэг олон хүн жинхэнэ амьдралыг мэддэггүй, тэгээд энгийн номхон ард хийгээд эгэл жирийн юмсыг дорд үздэг.”
Блез Паскаль (1623-1662, Францын гүн ухаантан, математикч), 4-р сарын 18

            “Бидний эрх чөлөөтэй байхад тусалдаг нэг л жинхэнэ мэдлэг байдаг. Бусад эрдэм нь ердөө зугаа төдий юм.” (Вишну Пурана, Энэтхэгийн Хинду шашны судраас) 6-р сарын 23              ...........................................................................................................................................................

“Ухаант хүмүүн мэдэхгүй байхаасаа, эргэлзэж тээнэгэлзэхээсээ, эсвэл шаргуу хөдөлмөрөөс айдаггүй; харин ганцхан зүйлээс л эмээдэг нь мэддэггүй зүйлээ мэддэг юм шиг дүр эсгэх явдал юм.

Их суралцах тусмаа хүн ямар багийг мэддэгээ ухаардаг.”
Мишель де Монтень(1533-1952; Францын хүнлэг үзэлтэн, гүн ухаантан, эсээч), 10-р сарын 1

“Хамгийн чухал эрдэм бол хүний амьдралын замыг заадаг ухаан юм.”
Сенека(МЭӨ 4-МЭ 65 он, Ромын гүн ухаантан, жүжгийн зохиолч), 11-р сарын 14

Гэхдээ энэ номоос хамгийн сэтгэл хөдөлмөөр нь өдөр бүрт зориулан түүвэрлэсэн дээрх ишлэлүүдийн дараа буй Толстойн өөрийн бодролууд юм. Жишээ нь:

“Жинхэнэ биет хор, оюун ухааны хор хоорондын ялгаа гэвэл: ихэнх биет хор амсахад гашуун нясуун байдаг; харин хямд төсөр сонин сэтгүүл, муу ном хэлбэртэй оюун ухааны хор, харамсалтай нь заримдаа, сонирхол татмаар амттай байж болно.” 1-р сарын 1

“Зөвхөн сэтгэл зүрхний гүнээсээ асуусан асуултуудад хариулж байгаа тохиолдолд л бодол санаа нь хүний амьдралыг зөв зүгт залж чадна. Бусдаас зээлж, оюун ухаан, ой тогтоолтоороо хүлээн зөвшөөрсөн бодол хүний амьдралд тийм ч их нөлөөлөхгүй, заримдаа хүнийг буруу зүгт ч хөтлөх нь бий. Бага унш, бага суралц, харин их бод.
............................................................................................................................................
Багш нараасаа, уншиж байгаа номуудаасаа суралц, тэр л зүйлүүд чамд хамгаас хэрэгтэй, чиний мэдэж авах ёстой зүйлс байх болно.” 1-р сарын 9

“Эрдэмтэн хүн олон ном мэддэг; сайн боловсролтой хүн мэдлэг, чадвартай байдаг; харин гэгээрсэн хүн амьдралынхаа зорилго болоод утга учрыг ойлгодог.
Хязгааргүй олон өөр өөр шинжлэх ухаан бий, гэхдээ амьдралын утга учир юу болох, мөн хүмүүст юу хэрэгтэй вэ гэдэг үндсэн шинжлэх ухаангүйгээр бусад бүх эрдэм мэдлэг, урлагийн хэлбэр нь дэмий хоосон, аюултай зугаа болно.
            Бид, бүх үеийн хамгийн ухаалаг хүмүүс амьдралыг юу гэж ойлгосны шал эсрэгээр нь утга учиргүй амьдардаг. Залуу үеийг буруу аргаар сургаж байгаа болохоор ийм юм болж байгаа юм - тэдэнд янз бүрийн шинжлэх ухаан заадаг, гэхдээ амьдралын утга учрыг заадаггүй.
            Цорын ганц жинхэнэ шинжлэх ухаан бол хүн хэрхэн амьдарвал зохих вэ гэдэг асуудал юм. Мөн энэ мэдлэг хүн бүрт нээлттэй байдаг.” 1-р сарын 18

            Хэрэв эрдэм бүхэн сайн байсан бол төрөл бүрийн эрдмийн араас хөөцөлдөх нь ашигтай байхсан. Даан ч олон хуурамч зүйлс сайн, хэрэгтэй эрдэм мэдлэг мэт харагддаг, тиймээс эзэмших мэдлэгээ сонгохдоо няхуур бай.” 3-р сарын 16

            “Чи нийгмийн зарим байдлыг муу гэж үзэж байвал, өөрчлөхийг хүсэж байгаа бол үүнийг хийх нэг л арга зам байна: чи хүмүүсийг засаж залруулах ёстой. Харин хүмүүсийг засаж залруулахын тулд чи цорын ганц зүйлээс эхлэх хэрэгтэй: тэр нь өөрөө өөрийгөө засаж залруулах юм.” 3-р сарын 17

            “Хуурамч эрдмээс болгоомжил. Бүх муу юм үүнээс үүдэлтэй.

Эрдэм мэдлэг гэдэг оройгүй.  Тиймээс ихийг мэддэг хүн, багийг мэддэг хүн хоёрын хооронд ямхын төдий л ялгаа бий.” 4-р сарын 1

            “Мэдэхгүй байх нь өөрөө ичгүүртэй эсвэл гэмтэй хэрэг юм биш. Хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин мэдэхгүй юмаа мэддэг юм шиг царайлах нь шившигтэй бөгөөд аюултай.(4-р сарын 18)
            .................................................................................................................................
            “Жинхэнэ шинжлэх ухаан, жинхэнэ урлагт маш тодорхой хоёр шинж тэмдэг бий: эхний дотоод шинж нь, эрдэмтэн эсвэл уран бүтээлч хүн ашиг хонжоо харж биш, өөрийн хүсэл тэмүүллээрээ, өөрийгөө золиосолж, гаргуунд нь гарган ажилладаг; хоёрдох бөгөөд гадаад шинж нь түүний бүтээл бүх хүмүүст ойлгомжтой байдаг. Жинхэнэ шинжлэх ухаан тухайн цаг үеийн хүмүүсийн чухал гэж бодож байгааг мэдлэгийг судалж, хүртээмжтэй болгодог; жинхэнэ урлаг энэ үнэнийг мэдлэгийн салбараас мэдрэмжийн салбар руу дамжуулдаг.
           
            Урлагийг бүтээх нь олон хүний боддог шиг ертөнцөөс тасарчихсан юм биш; харин ч хэрэгцээтэй, хийхэд сайхан зүйл байдаг, ялангуяа тэрхүү урлаг нь хүмүүсийг нэгтгэж, тэдний дунд тиймэрхүү мэдрэмжийг төрүүлж байгаа бол.” 7-р сарын 2


            Шаардлагатайгаасаа ихийг мэддэг байснаас шаардлагатайгаасаа багийг мэддэг байсан нь дээр. Мэдлэг дутмаг байхаас битгий ай, харин худлаа хоосон зандаа таацуулан эзэмшсэн хэрэгцээгүй эрдмээс л үнэн голоосоо ай.” 9-р сарын 23

           
Толстой энэ номоо хүн төрөлхтөнд зориулсан хамгийн чухаг хувь нэмэр нь гэж тооцдог байжээ. "Мэргэн ухааны хуанли" хэмээх энэхүү ном хувьсгалын өмнөх Орост их дэлгэрэн уншигддаг байсан ч Коммунизмын үед хориотой номын жагсаалтанд орон мартагдажээ.

Эх сурвалж: http://www.brainpickings.org/

3/17/2014

Pink floyd - Time (Цаг хугацаа) Жич: Би орчуулаагүй шүү


Хором мөчүүд хөвөрч гунигт өдрүүд үргэлжилсээр
Харин чи цаг хугацааг тоолгүй хий дэмий өнгөрүүлсээр
Хэсэгхэн газар эргэлдэж, хорвоогийн тоосыг хөдөлгөн
Хэн нэгнийг хүлээж, хэн нэгэнд найдсаар л
            Гэрлээс чи нуугдаж, сүүдэр лүү улам шигдсээр л
Гэтэл чамд туулах урт зам, цаг хугацаа байгаа 
Гэнэт чи 10 жил ард чинь хоцорсныг мэдэх болно
Гэвч хэн ч чамд юу алдсаныг чинь хэлж өгч чадахгүй
Тэр үед чи бүхнийг залруулахыг хичнээн хичээгээд ч нэмэргүй
Тэнгэр дэх нар аль хэдийнээ жаргасан байх болно
Нар дахин мандсан ч чи хөгширсөн байх болно
Нас чинь явж, үхэл рүүгээ ойртсон байх болно
            Хоног өдрүүд богиносож, бүх зүйл оройтсон байна
Хүсэж мөрөөдсөн бүхэн чинь ард хоцорч хөөс болон замхарна
Цаг дуусч, дуу минь төгсөж байна
Гэвч надад дахиад хэлэх зүйл үлдсэн
Дассан гэртээ би дахин ирж
Даарч ядарсан хүйтэн биеэ
Дулаан илчинд нь гэсгээн суух тавиланг
Дуртай үедээ эдлэхийг хүснэм
            Алс холын талбайн цаанаас
Алтан хонхны дуу цуурайтаж
Чин сүсэгтнүүдийн залбирлыг дуудаж
Чимээгүйн дундаас нам гүнийг эвдэнэм
                                                                                     Орчуулсан Г. Баяраа

3/05/2014

Миний тухай ном


Нэг ном шүүрч аваад унштал тэнд миний бага байхдаа дүүтэйгээ гэртээ цоожлогдоод, өдөржин хоёулаа цонхон дээрээ зогсдог  байсан тухай бичсэн байлаа. Үргэлжлүүлэн уншвал ээжтэйгээ цуг гудамжинд талх дамлан зарж байсан тухай, тээр нэг өвөл гал алдаад - аавтайгаа хамт цав цагаан тал дунд чарга чирээд Туул гол руу модонд явж байсныг өгүүлжээ. Бас саран дээрх дүрсийг туулай гэж боддог байсныг, хажуу цэргийн ангиас буудсан салютыг олж авахаар чавхадсаныг  - салют унасан газар нь бахардсаар очтол шатсан хар нүүрснээс өөр юм байгаагүйг бичсэн байлаа.
Цаашлаад эл номон дээр миний ямар гэнэхэн хонгороор дурлаж, асаж дүрэлзэн, шатаж дууссаныг зүрх базалтал бичжээ. Үүгээр зогсохгүй миний хүсэл, тачаалыг эрээ цээргүй, ичиж зовтол дэлгэсэн байх юм. Тэр бүү хэл миний нүгэл хилэнц, далдын далд өөрөөсөө ч нуух гэдэг нууцыг минь гасалж толгойгоо шаатал хайр найргүй нуршжээ. Номын үйл явдал өрнөсөөр, улам сонирхолтой болсоор, миний ямар мунхаг, ямар азтай, юун дээр алдсан, юун дээр оносныг минь нэгд нэгэнгүй тоочиж байлаа.  Миний  амьдралыг, гэр бүлийг, миний найзуудыг, миний ажлыг, миний амьдралд ороод гарсан хүмүүсийг, миний амьдралд байгаа бүхнийг; байхгүй бүхнийг, миний зүүдний тайллыг, миний үзэл бодлыг, миний хүсэл мөрөөдлийг, миний хувь тавиланг, миний жаргал зовлонг, миний яаж өтлөхийг, миний яаж үхэхийг хүртэл тэр ном надад ярьж өгөв.
Нэг ном аваад унштал, тэр номон дээр чиний тухай бүхнийг бичсэн байвал чи дуустал нь унших уу?” гэж нэг ийм асуулт олон нийтийн сүлжээгээр явж харагддаг. Хүмүүс доор нь уншина – уншаад ирээдүйгээ мэдэж амьдралаа залруулна, уншихгүй – уншчихвал хувь заяа минь эргэчихнэ гээд өөр өөрийнхөөрөө, янз бүрээр л хариу, сэтгэгдэл бичдэг.
Харин би “миний тухай бүхнийг бичсэн номыг" уншиж дуусгах уу? Үнэндээ ном бүр ямар нэг хэмжээгээр миний тухай байдаг, ном бүр тодорхой хэмжээгээр надтай холбоотой байдаг. Мөн чанар руу минь гүн орох тусам би тухайн номыг шунан дурлаж уншдаг. Тэд миний ямар гүехэн гэдгийг минь сануулж байдаг, тэд миний ямар гүнзгий болохыг мэдрүүлж байдаг. Тэгээд би дуустал нь уншдаг...


2/26/2014

Антон Чеховын ахдаа бичсэн захидал - Соёлтой хүний найман чанар



Москва, 1886 он

  Та байнга л “Хүмүүс намайг ойлгохгүй юм” гэж гомдоллох юм! Гете, Ньютон хоёр ингэж гомдоллодоггүй байсан юм шүү... Зөвхөн Христ л ийн гомдоллодог байсан, гэхдээ тэр өөрийнхөө өмнөөс биш номлолынхоо үүднээс хэлдэг байсан юм... Хүмүүс таныг тун сайн ойлгож байгаа. Харин та өөрийгөө ойлгохгүй байвал энэ тэдний буруу биш.
            Би таныг, дүүгийн хувьд басхүү найзын хувьд, бүх элэг зүрхээрээ ойлгож, энэрч байгаа гэдгээ батлан хэлэх байна. Би таны сайн зан чанаруудыг гарын арван хуруу шигээ мэднэ; тэр чанаруудыг тань үнэлэн, гүнээ хүндэлдэг. Миний таныг ойлгодог гэх баталгааг хүсэж байвал би тэдгээр зан чанаруудыг тань тоочиж чадах байна. Би таныг энэрэнгүй зөөлөн, уужим дотортой, хувиа хичээдэггүй, сүүлчийн зоосоо ч хуваалцахад бэлхэн нэгэн гэж боддог; та бол ямар ч атаа жөтөөгүй, гэнэн цайлган, хүн, амьтныг өрөвддөг, итгэл даадаг, дотуур тамир, ов бачгүй, хүнд муу санадаггүй хүн.
Танд дээрээс заяасан, бусад хүмүүст байдаггүй нэгэн бэлэг байдаг: тэр нь таны авьяас. Энэхүү авьяас билиг таныг сая сая хүнээс илүү болгодог, учир нь дэлхийд хоёр сая хүнээс нэг нь л жинхэнэ уран бүтээлч байдаг юм. Авьяас тань таныг онцгой болгодог – та бах эсвэл тэмээн аалз байсан ч хүмүүс таныг хүндэлнэ, учир нь авьяас чадвартай хүний тиймэрхүү чанарууд хүлцэгддэг юм.
Танд ганц л дутагдал байдаг, таны байр байдлын хуурмаг байдал, таны аз жаргалгүй байдал, таны ходоодны шарх үүнээс л үүдэлтэй. Энэ нь танд соёлч боловсон байдал сох дутдаг явдал билээ. Дүүгээ өршөөн хэлтрүүлээрэй, гэхдээ veritas magis amicitiae  (латинаар үнэнээс илүү найз үгүй?)
      Юу гэвэл, амьдрал өөрийн гэсэн нөхцөл болзлуудтай байдаг юм. Соёлтой боловсон хүмүүсийн дунд тухтай байхын тулд, тэдэнтэй хамт гэртээ байгаа юм шиг байхын тулд хүн өөрөө тодорхой хэмжээнд соёлжсон байх ёстой. Авьяас таныг ийм хүрээлэлд оруулсан, та энэ хүрээлэлд багтдаг, гэхдээ... та үүнээс дөлдөг, эсрэгээрээ та соёлтой хүмүүс хийгээд бэртэгчин дорд хүмүүсийн дунд хөрвөж байдаг.
Миний бодлоор соёлтой хүмүүс доорх болзлуудыг хангасан байх ёстой:
1.    Соёлтой боловсон хүмүүс хүний хувийн зан чанарыг хүндэлдэг - тиймээс тэд үргэлж эелдэг, зөөлөн, бусдад найр тавихад бэлэн байдаг. Тэд ганц алх, баллуурын өөдөсхөнөөс болж өрөөл бусадтай түнжин хагардаггүй. Тэд тусгүй гэж бодсон хэн нэгэнтэй амьдарч байгаад салахдаа “Хэн ч чамтай амьдар ч чадахгүй” гэж хэлдэггүй. Тэд дуу чимээ, хүйтэн нойтон, хатсан мах, бусдын цэцэрхэл сэлт хийгээд гэрт нь танихгүй хүмүүс ирэхийг хүлцдэг.
2.    Соёлтой боловсон хүмүүс дан ганц ядарсан гуйлгачид, тэнэмэл муурнуудыг өрөвддөггүй. Тэдний элэг нүдэнд харагддаггүй зүйлсийн төлөө ч эмтэрч явдаг... Тэд “П”...-д туслахын тулд, их сургуульд сурч байгаа дүүгийнхээ төлбөрийг төлөхийн тулд, ээждээ хувцас авч өгөхийн тулд шөнөжин сууж ажилладаг.
3.    Соёлтой боловсон хүмүүс бусдын өмч хөрөнгийг хүндэтгэн үздэг - тиймээс тэд өрөө төлдөг.
4.    Соёлтой боловсон хүмүүс үнэнч шударга учраас худал хэлэхээс гал ус үзсэн мэт айдаг. Тэд жижиг зүйл дээр ч худлаа ярьдаггүй. Худал үг сонсогч этгээдийг доромжилж, яригч этгээдийн нүдэнд түүнийг дорд болгож харагдуулдаг. Соёлтой хүмүүс дүр эсгэдэггүй - тэд гудамжинд ч тэр, гэртээ ч тэр нэгэн адил жишгээр биеэ авч явдаг. Тэд өөрөөсөө мөхөс хүмүүсийн өмнө гайхуулж сайрхдаггүй. Тэд олон юм ярьж, бусдад онгирч бардаггүй. Бусдын чихийг хүндлэхийн үүднээс соёлтой хүн ярихаасаа илүү чимээгүй байдаг.
5.    Соёлтой боловсон хүмүүс өрөвдүүлж өөрийгөө доромжилдоггүй. Тэд толгойгоо илүүлэхийн тулд, ая тал харж (өрөвдүүлж, харж үзүүлэхийн тулд) бусад хүмүүсийн зүрхний чавхдасаар тоглодоггүй. Тэд “Би дүүрсэн хүн”, эсвэл “Би муухай хүн” гэж хэлдэггүй, учир нь ийм хямд үр дүнгийн төлөө явах нь дорд, улиг болсон, хуурамч үйлдэл...
6.    Соёлтой боловсон хүмүүс "худлаа хоосон нэрэлхүү зангүй" байдаг. Тэд олны танил хүнийг таньдаг, согтуу “П”-тэй (хир тааруухан яруу найрагч Пальминыг хэлсэн байж магадгүй) гар барьсан, зургийн үзэсгэлэнд тэнэмэл үзэгчийн бахдалыг сонссон, зоог, уушын газруудад цуутай гэх мэт хуурамч алмаазаар өөрсдийгөө гоёх гэдэггүй... Тэд өчүүхэн юм хийчихээд нэг их гавьяа байгуулчихсан юм шиг маадгар алхдаггүй, бас бусдын орохыг зөвшөөрөөгүй газар орж байгаагаараа оодордоггүй. Жинхэнэ авьяастан үргэлж олны дунд нам гүм, гайхуулж сайрхахаас аль болох хол байдаг. “Хоосон торх дүүрнээсээ илүү цуурайтдаг” гэж Крылов хэлсэн байдаг юм.
7.    Соёлтой хүмүүс авьяастай бол түүнийгээ хүндэтгэдэг. Тэд авьяасынхаа төлөө бусдыг нь: архи дарс, хүүхэн шуухан, шалдир балдир юмсыг золиосолдог. Тэд авьяасаараа бахархдаг.
8.    Дээр нь тэд өндөр шаардлагатай байдаг. Соёлтой хүмүүс гоо зүйн мэдрэмжээ үргэлж хөгжүүлж байдаг. Тэд хувцастайгаа унтаж, хананы ан цаваар дүүрэн хорхой шавжийг харж, муухай агаар, шүлс цэртэй шалан дээгүүр явж, хоолоо тостой тогооноос нь идэж чаддаггүй. Тэд сексийн зөв совингоо аль болох дарж, барьж байхыг хичээдэг. Тэд эмэгтэйчүүдтэй ганцхан нэг оронд орохыг боддоггүй. Тэд нэг алдаагаа хоёр давтдаггүй. Соёлтой хүмүүс, ялангуяа хэрэв уран бүтээлч бол тэд шинэ эрчимлэг, дэгжин байдал, хүнлэг байдал уруу тэмүүлдэг хийгээд өөрсдөө эх хүн шиг энэрэнгүй, нигүүлсэнгүй байхыг хүсдэг. Тэд гахай биш, гахай биш гэдгээ ч мэддэг болохоор өдөржин шөнөжин архи гударч, хоол эргүүлдэггүй. Тэд зөвхөн чөлөөт цагаараа, эсвэл баяр ёслолын үеэр л зохистой уудаг. Тэдний хүсэл бол mens sana in corpore sano (латин: эрүүл биед саруул ухаан).
Гэх мэтчилэн үргэлжилнэ. Соёлтой боловсон хүмүүс ийм байдаг юм. Соёлтой байхын тулд өөрийн хүрээллийн зиндаанаас доош битгий ор, соёлтой байхын тулд “The Pickwick Papers” (Чарльз Диккенсийн роман)-ыг унших, “Фауст”-аас монолог цээжлэх нь хангалтгүй.
Үүний тулд байнга ажиллаж, өдөр шөнөгүй уншиж, суралцах хэрэгтэй. Цаг мөч бүхэн үнэтэй. Бидэн дээр хүрээд ир, ганц шил юмны бөглөө мулталж, амарч аваад унш... Хүсвэл Тургеневийг унш, та уншаагүй байх.
Та "худлаа хоосон нэрэлхүү зангаа" болих хэрэгтэй, ямар хүүхэд биш дээ – удахгүй гуч хүрлээ шүү дээ. Цаг нь болсон!
Би таныг хүлээж байна... Бид таныг хүлээж байна.
  А.П Чехов(Зүүн) ах Николай Чехов, 1882 он


Энэ захиаг бичих үед их зохиолч А.П Чехов өөрөө  26-тай, ах Николай Чехов нь 28 настай байжээ.