Би
энэхүү номыг уншиж байхдаа тэмдэглэлгүй хийгээгүй улмаас сэтгэгдлээ ерөнхий
бичлээ. Судалдаг, шүүмжилдэг хүмүүс үйл явдал бүрийг нь задлаад бичвэл
өчнөөн л юм байдаг биз. Би өөрт төрсөн гол сэтгэгдлээ л тэмдэглэлээ.
Өнгөгүй
Тазаки Цүкүрү бол үйл явдлаар хөөвөл (1Q84-тэй харьцуулбал) хэдхэн бүлэгтэй, цөөхөн үзэгдэлтэй,
ганцхан шугамтай зохиол. Энэ ном 16 жилийн
өмнө дөрвөн найзаасаа үг сүггүй жийгдсэн зожиг ганцаардмал 36 настай гоонь эр шинэхэн танилцсан найз
бүсгүйнхээ ятгалга, шахалтаар өөрийн жийгдсэн үнэн шалтгааныг олж мэдэхээр
өнгөрсөн үеэ сөхөж, салж одсон найзуудтайгаа нүүр тулан уулзаж буй тухай юм.
Харин хүний дотоод ертөнц, сэтгэл зүй, сэтгэлгээний байгууламжийн
талаас харвал тун чиг нугалаатай, зангилаатай гүн гүнзгий агуулга, мессэжтэй сонгодог
сэдэвтэй роман юм аа. Ерөнхий номын гол санаа бол хүмүүсийн хамгийн
нийтлэг алдаануудын нэг болох өнгөрсөндөө үндэслэн, өөрийгөө одоо
болон ирээдүйд хязгаарладаг, хүний сэтгэлгээний төөрөгдлийн тухай юм.
Энэхүү сэтгэлгээний төөрөгдлийг чиглэл салбар бүрт л өөр өөрийнхөө үг
хэллэгээр тодорхойлдог байх. Би хувьдаа гурван өөрөөр нэрлэдэг жишээ мэднэ:
таамаг хориг, мөрийчний төөрөгдөл, нийгмийн толины тусгал. Энэ тохиолдолд
ТААМАГ ХОРИГ гэх нэршлээр жишээ аван санаагаа тодруулъя:
Зааныг
циркт сургаж эхлэхдээ, тугал ахуйгаас нь газарт шаасан шонгоос нэг хөлөөс нь
гинжилдэг аж. Мэдээж, зааны тугал хүссэн зүгтээ явахыг хүснэ. Хөлөө татаж
чангаана, даан ч гинж нь хэт бүдүүн, гадсыг нь газарт гүн шаасан байдаг
болохоор яахан мултарч чадах. Удалгүй тугал дураар явах гэсэн оролдлогоо
зогсооно. Үр дүнд нь нас биед хүрсэн заан ердөө л өөрийгөө эндээс холдон явж
чадахгүй гэж таамагладаг. Дундаж зургаан тонны жинтэй заан найтаах төдий
мөнөөхөн гинжийг суга татах хүчтэй, гэвч тэгье ч гэж оролддог ч үгүй байна. Циркийн
сургагч нарын яриагаар нэгэнт ингэж сургасан зааны хөлд утас уясан байхад л,
заан зугтана гэж байхгүй гэж ярьдаг аж.
Тэгэхээр
ТААМАГ ХОРИГ гэдэг нь, өнгөрсөндөө үндэслэн, өөрийгөө одоо болон
ирээдүйд хязгаарладаг, хүний итгэл үнэмшил юм. Иймэрхүү өнгөрсөн үе болон
бусдын нөлөө орсон алдаа эндүүтэй, өөрийгөө хориглон хязгаарласан таамаглалынхаа
үл үзэгдэх гинжинд хүн амьдралынхаа турш уягдан байдаг. “Өнгөгүй” Тазаки Цүкүрү
болвоос үүний тод жишээ юм. Тухайлбал, амьдралд нь байсан таван найз бүгд л
нэрэнд нь өнгө орсон хийгээд тодорхой нэг авьяас сонирхолтой, ялгарах зан
байдалтайгаас (Улаан сурлага сайтай, өрсөлдөөнч зантай; Цэнхэр том биетэй, хэний ч арга эвийг
олдог, нэр хүндтэй тамирчин бол; Цагаан төгөлдөр хуурд авьяастай, эрхэмсэг, үзэсгэлэн төгөлдөр; харин хар бол тухайлсан авьяас чадваргүй ч цоглог
хөгжилтэй, сэтгэл татам зан араншинтай; ноён Саарал оюун ухаан хурц, гүн
гүнзгий сүнслэг(spiritual) чанартай,
сонгодог хөгжмийн өргөн мэдлэгтэй царайлаг хэдийн хувь хүн болж төлөвшин
тогтсон нэгэн) үүдэн Цүкүрү өөрийгөө тэдэнтэй жишиж, товойх зан чанаргүй,
авьяас билэггүй, сонирхолгүй, хоосон, “өнгөгүй” нэгэн гэж дүгнэн дотроо шаналж
явдаг. Гэвч ийм сэтгэл зүйтэй байхад нь дотнын найзууд нь түүнээс цэлмэг
тэнгэрээс аянга буулгах мэт гэнэтхэн харьцаагаа эрс тасалж найз нөхөрлөлийн
хөлгөөсөө түлхэн хаясан явдал нь шилжилтийн насны эмзэг үедээ явсан Цүкүрүг
ганцаардал, цөллөгийн хүйтэн тэнгист унагаж, дараагийн 16 жилийн хугацаанд тэндээ хөвж явахад
хүргэдэг. Дээшээ тэнгэр хол, “доошоо далай гүнзгий” байдалд орсон Цүкүрү арай ч
“живээд” үхчихэлгүй байж байтал ноён Саарал гарч ирэн, аврагдах итгэл найдварын гал асаж байтал өнөөх нь ч гэсэн үг сүггүй нэг л өдөр алга болж Цүкүрүд “Би угаас “өнгө”-гүй хоосон, зан чанаргүй хүн, хүмүүс
үүнийг минь мэдээд намайг хэзээ нэгэн цагт орхин одох нь цаг хугацааны асуудал,
иймээс би найз нөхөдтэй байх хувьгүй хүн” гэсэн сэтгэгдэл үлдээж, хүйтэн далайд
нь хөсөр хаяад зогсохгүй, хөлд нь бүр “зангуу” зүүж орхидог. Харин Сара энэ
сэтгэл зүйн байдлыг олж харан, өнгөрсний далай руугаа зоригтой шумбан орж,
тэрхүү зангуугаа таслахгүй бол, Цүкүрү өөрийнх нь ч тэр, хэний ч тэр завинд
гарч аврагдаж чадахгүй гэдгийг ойлгуулснаар Тазаки Цүкүрүгийн амьдралд
эргэлт гардаг. Тэрээр өөрийн “хориг таамаг”-аа үнэн эсэхийг мэдэхээр эргэлийн он
жилүүдийг ардаа үлдээн үнэн мөний эгээрэлд морддог. Үнэнийг хайх аяны эцэст Цүкүрү
өөрийгөө “өнгөгүй”, хоосон нэгэн биш, найз нөхөд нь тэгж үзээд өөрийг нь хаясан
юм биш гэдгийг ойлгон ухаарснаар “хориг таамаг” зангуугаа тасалж, зожигрол ганцаардлын хүйтэн далайгаасаа
хэн нэгний завин дээр гарч аврагдахад эрх чөлөөтэй болно. Гэвч зохиолын баатар
маань тэрхүү ганцаардлын далайгаасаа арайхан гарчхаагүй, өөрийг нь өнгөрснөөс
чөлөөлсөн Сара бүсгүйн завинд суухыг хүсэж мөрөөдөн, найдлага тавин хөвсөөр үлэж буйгаар ном дуусна Аз жаргалтай төгсгөл биш ч, төгс төгсгөл.
Миний
бодлоор зохиолчийн гол дэвшүүлсэн санаа энэ л байсан болов уу: Таны амьдрал
өнөөдрийн дуу хоолой биш өнгөрсний цуурай юм биш биз? Та жинхэнэ өөрийгөө биш
өрөөлийн толинд харсан нөлөөтэй дүрсээ харж, сонсож яваад байгаа юм биш биз дээ?
Өөрийгөө өнгөрсний дөнгөнөөс чөлөөлж өнөөдрөөрөө амьдар, “таамаг хориг”-ийн хүлээсээ тас татаж хүссэн зүгтээ
эрх чөлөөтэй яв, бусдын хөлд чинь зүүж орхисон зангууг авч хаян өөрийнхөөрөө
эрх чөлөөтэй амьдар.
Миний амьдралд тохиолдсон үүн шиг нэг
маш ойлгомжтой нэгэн жишээг би хуваалцъя л даа:
Бага
балчир өсвөр насандаа би халаасны мөнгөөр маруухан, маруухан ч гэж халаасны
мөнгөгүй явдаг, ядуу хүүхэд байлаа. Азаар анд нөхөдтэй байхад мөнгө хэрэггүй.
Гэхдээ заримдаа мөнгөний хэрэг гарна, тэр үед нөхөд маань намайг найзын
сэтгэлээр даахад хүрнэ. Мөнгөгүй дээрээ, найзгүй бололтой биш дээ ямар, би ч найзын
хувиар даалгуулаад л явна. "Зуун төгрөгтэй байснаас зуун найзтай байсан нь
дээр" гэдэг бичигдээгүй хууль, гэвч "Хэнд алт байна тэр дүрмийг гаргана" гэдэг ч бас бичигдээгүй хууль. Харин бичигдээгүй хууль хамгийн сайн мөрдөгдөнө.
Иймээс аливаа иймээ тиймээ, ингэе тэгье гэсэн шийдвэр гаргалтанд миний санал ерөнхийдөө үл хэрэгсэгдэнэ.
Энэ
явдал он жил давтагдаад ирэхээр гэнэн жаал өөрийгөө бусадтай эрх тэгш биш,
бусдаас доогуур, амьдралд гол дүр биш, туслах дүр гэж ухамсаргүйгээр мэдэрч,
сэтгэж эхэлнэ. Насан туршдаа энэ сэтгэлгээнд хүлэгдэн амьдарвал түүнээс
харамсалтай юм гэж юу байх вэ.
Энэ
мэтчилэн бидний амьдралын mind set буюу
сэтгэлгээ, хандлага болоод дадал зуршил,
хэвшил ухаан суугаагүй гэнэн томоогүй үед цаг үе, өссөн орчин, гэр бүлийн хүмүүжил, найз
нөхдийн хүрээлэл дунд суудаг. Тэгэхээр бидний одоогийн байдал цэвэр бидний
хүсэл эрмэлзэл, шийдвэр сонголтын үр дүнг гэвэл ойлгомжтой өрөөсгөл юм аа.
Муракамигийн өнгөрсөндөө ээрэгдэн, түүнээсээ салж ядан байгаа дүрүүд бидэнд
үүнийг л хэлэх гэж оролдоод байх шиг надад санагдаж байна.
Энэ
номд гурван зохиолчийн хариултыг нь өгөөгүй гурван оньсого байдаг. Нэг нь
Цагаан яагаад найз нөхдийн харьцаагаа дэнчинд тавин, Цүкүрүг хэлсээр
гүтгэж, түүнийг “үймрэхгүй зохицол нийлэмжтэй” бүлгэмээсээ хөөхийг шаардав? Эцэст нь яагаад тийм
гунигтай амьдарч байгаад гучин насандаа хэнд хөнөөлгөв? Миний бодлоор Цагаан
номд гардагчлан Токиод очоод ирэхдээ үнэхээр хүчиндүүлж, хүүхэд олсон. Гэхдээ
таньдаг хүндээ хүчиндүүлсэн. Энэ нь энэ ичгүүр, шившиг эмзэг, эрхэмсэг, эрх
танхи Цагааны хувьд найз нөхдөөсөө хав дараад, ганцаараа давж чадахааргүй хар
толбо байсан. Иймээс үүнийгээ тэдэнд, ялангуяа Хард хэлснээр энэ бүхнийг давах
хэрэгцээ түүнд байсан. Гэвч тэрээр бурууг өөртөө авахыг хүсээгүй, түүндээ
болоод хамгийн боломжтой хувилбар болох Цүкүрүд чихэж орхисон. Найз нөхөд нь
үүнийг битүүхэн гадарласан ч тухайн үеийн нөхцөл байдалд захирагдан, Цүкүрүг
золигт гаргасан. Энэ бүхний эцэст Цагаан сэтгэл зүйн хувьд сэхээ авч чадалгүй, амьдралд гундан явсаар, сүүлд нь хүний гарт хөнөөгдөж байна. Энэ миний
л хувилбар шүү.
Хоёрдох
оньсого бол. Ноён Ногоон буюу Мидорикава. Тэр хэн гээч байв? Тэр юу өгүүлэв?
Гурав
дахь нь гэр лүүгээ хоёр долоо хоногоор яваад ирнэ гэсэн Ноён
Саарал буюу Хайда яагаад Цүкүрүг ямар ч сэжүүр таамаггүй орхин хаяад, хааш одов?
Энэ бүгдийг уншигчид өөр өөрсдийнхөөрөө тайлах биз ээ? Харин уншсан хүмүүс
хэрхэн тайлснаа хуваалцвал баярлана шүү.