5/27/2015

Лев Толстойн "Мэргэн ухааны хуанли" ном хэвлэгдэн гарлаа


Орчуулагчийн өмнөтгөл

            "Мэргэн ухааны хуанли"-ийг төөрөлдсөн, зовсон хүж дэлхийд Толстойн захисан эцсийн захиас, гэрээслэл хэмээн ойлгож болох юм. Учир нь энэхүү ном зохиолчийн хамгийн сүүлчийн томоохон бүтээл байсан бөгөөд тэрээр ертөнцийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө буюу 1904-1910 оны хооронд гурван ч хувилбар гаргаснаас хоёрдох нь энэхүү ном билээ. “Мэргэн ухааны хуанли”-ийн нөгөө хоёр хувилбараасаа ялгарах онцлог гэвэл энэхүү номд орсон бодол санаа бүрийг Толстой, сүсэг бишрэл, итгэл үнэмшил, хайр энэрэл, ёс суртахуун, эрдэм мэдлэг, гэгээрэл, эрх чөлөө, урлаг, шинжлэх ухаан, хууль ёс, ажил хөдөлмөр, эд хөрөнгө, хүсэл шунал, хуял тачаал, зовлон жаргал, төрөх үхэх орчлон хорвоогийн жам ёс гэх мэтчилэн хүмүүний ухамсар, оюун ухаан, зүрх сэтгэл хийгээд ахуй амьдрал, нийгмийн хүрээний бүхий л асуудлыг хөндөн, тодорхой нэг сэдвийн дагуу хуанлийн өдөр бүрээр ангилж эмхтгэсэн явдал юм.
            Анх энэхүү номын санаа Толстойд 1884 онд төрсөн бөгөөд түүний гол зорилго бол бүх дэлхийн, бүх цаг үеийн мэргэн ухааныг нэгэн номд хурааж, аль болох олон хүнд хүргэх байв. Ийнхүү Толстой дараагийн 17 жил тэдгээр цэцэн мэргэн ухааны хэсгүүдийг цуглуулахад зарцуулж, номоо 1902 оны 12-р сараас 1903 оны 1-р сарын хооронд бичиж, эмхтгэн, эхний хувилбар “Мэргэдийн бодол санаа” гэдэг нэртэйгээр 1904 онд гарсан бол, баяжуулсан, хянан сайжруулсан хоёр дахь хувилбар "Мэргэн ухааны хуанли" 1905 онд, хялбаршуулсан гурав дахь хувилбар 1910 онд "Амьдралын харгуй" гэдэг нэртэйгээр тус тус хэвлэгджээ. 1905 оны 8-р сарын дундуур тэрээр "Мэргэн ухааны хуанли"-ийн өмнөх үгийг биччихээд, өдрийн тэмдэглэлдээ ийн тэмдэглэжээ: “Би “Хуанли”-гаа ахин засварлаж, баяжууллаа, одоо хоёр дахин том болсон. Хоёр сарын турш би өөр юу ч уншсангүй, сонин ч тэр, сэтгүүлч тэр, надад маш сайхан байсан... Мунхаг харанхуй намайг улам улам ихээр гайхшруулах боллоо, ялангуяа манай нийгмийн соёлын болоод ёс суртахууны мунхаг… Манай бүх боловсрол бидний өвөг дээдсийн, дэлхийн хамгийн шилдэг сэтгэгчдийн соёлын өвийн хуримтлал руу чиглэх хэрэгтэй”. Энэ ч утгаараа Толстой энэ номд хувь оруулагчдыг, найз нөхдөдөө хэлж байсан ёсоороо, янз бүрийн гүн ухааны үзэл санаа, соёл уламжлал, түүхэн үеийг төлөөлөх “хамгийн суут сэтгэгчдийн дундаас” няхуур сонгожээ. Энэ тухайгаа Толстой бичихдээ:  “Уншигчид мэл гайхаж, цэл хөхрөх болно” гээд “Миний номоос Кант болон бусад алдартай сэтгэгчдийн дунд Америкийн Нэгдсэн Улсын Орегон мужийн хэний ч үл таних сэтгүүлч Люси Мэлоригийн бодол санаа байхыг тэд олж үзнэ” гэснийг, мөн энэ номд Америкийн уугуул Сак индиан омгийн толгойлогч Хар Харцагаас хүртэл иш татсаныг үзвэл Толстой энэхүү номыг бүтээхийн тулд ямархан өргөн цар хүрээтэй уншлага хийсэн нь харагдана. Мөн энэ номд Толстойн олон жилийн эргэцүүлэл бясалгалынхаа турш бичсэн болоод өдрийн тэмдэглэлээсээ авсан, өөрийнх нь найман зуу орчим бодол санаа орсон бөгөөд тэрээр ерөнхийдөө өдөр бүрийг өөрийн бодол санаагаар эхлээд, дараагаар нь бусад эх сурвалжийн ишлэлүүдийг нэмээд, эцэст нь өөрийн гаргалгаар төгсгөжээ. Номоо хамгийн өргөн хүртээмжтэй байлгахын үүднээс, хамгийн эгэл, хамгийн боловсрол багатай ард олон - тариачид, хүүхдүүдэд зориулан ойлгоход хялбар болгохын тулд тэрээр хэлбэрийн энгийнийг, утгын гүнтэй хослуулсан байна.
            Энэ номтой холбоотой бас нэг баримт гэвэл Толстой долоо хоног бүрийн төгсгөлд зориулж гурваас арван хуудастай нэг нэг богино өгүүллэг буюу уран зохиолын шигтгээ бичжээ. Өгүүллэг бүр тухайн долоо хоногийн ёс суртахууны, гүн ухааны, эсхүл шашны сэдэвтэй уялдаатай бөгөөд тэрээр нийтдээ 52 өгүүллэг бэлдээд, “Ням гарагийн уншлагын түүхүүд” хэмээн нэрийдсэн байна. Тэдгээр 52 өгүүллэгийн олонхы нь Толстой энэхүү бүтээлд зориулж өөрөө бичсэн бөгөөд үлдсэнийг нь Платон, Будда, Достоевский, Паскаль, Лесков, Чехов нарын зохиол бүтээлээс сонгож, хялбаршуулан өөрчилжээ. Тэдгээр "Ням гарагийн уншлагын түүхүүд" дэх Толстойн хүүрнэлийн хэв маяг түүний өмнөх томоохон романууд болох “Дайн ба энх”, “Анна Каренина”, “Сэхээрэлт”-ээс ихээхэн өөр юм. Хожим нь Пастернак, Солженицын нарт ихэд бишрэгдсэн тэдгээр өгүүллэгүүд нь өргөн олонд зориулагдсан болохоор тодорхой, энгийн, бараг л ярианы хэлээр шахуу бичигджээ. Харамсалтай нь нийтдээ зэгсэн урт болохоор эл өгүүллэгүүд нь номын аль ч хувилбарт ороогүй байна.
            Энэхүү ном Орост өргөн дэлгэр уншигддаг байсан авч 1917 оны Октябрийн хувьсгалын дараагаар, оюун санааны чиг баримтлал, олон тооны шашны ишлэлээс нь болоод Зөвлөлт засгийн газар уг номыг хэвлэхийг хоригложээ. Харин ардчилсан шинэчлэлийн дараагаар, 1995 онд, “Мэргэн ухааны хуанли” ахин хэвлэгдэж, тухайн үедээ үлэмж амжилт 300,000 хувь зарагдаж шилдэг борлуулалттай ном болж байжээ.
            "Мэргэн ухааны хуанли" хэвлэгдсэнээсээ хойш, мөн зохиолчийн сүүлчийн он жилүүдэд буюу 1905-1910 онуудад Толстойн өөрийнх нь хамгийн дуртай, ширээний ном байж. Энэ тухайгаа Толстой өдрийн тэмдэглэлдээ “Өдөр бүр дэлхийн хамгийн цэцэн мэргэн хүмүүстэй холбогдохоос илүү эрхэм зүйл юу байна аа?” хэмээн тэмдэглэжээ. Энэ ч ёсоороо тэрээр номдоо орсон бодол санааг жилийн тухайн өдрийнх нь дагуу уншдаг байсан бөгөөд бүх найз нөхдөдөө тэрчлэн заншихыг зөвлөсөн байна. 1908 оны 5-р сарын 16-ны өдөр, тэрээр Гусев хэмээх хүнд: “Зарим хүмүүс яаж, дэлхий дээр амьдарч байсан хамгийн ухаантай хүмүүстэй холбогдолгүйгээр амьдарч чаддагийг би ойлгохгүй нь. … Би өдөр бүр маш аз жаргалтай байна, учир нь би энэ номыг уншдаг” хэмээн бичжээ.
            Толстой энэхүү номоо хүн төрөлхтөнд оруулсан өөрийнх нь хамгийн том хувь нэмэр хэмээн үзжээ. Монголын маань мэргэн уншигчид ч гэсэн Толстойн энэ үнэ цэнэтэй сүүлчийн бүтээлийг уншаасай, мэдээсэй гэсэн чинхүү хүсэлдээ хөтлөгдөн, бүдүүн зүрх гаргаж энэхүү номыг орчууллаа. Номыг бүтээхэд тусалсан, ариутган шүүсэн аав Г. Даваасүрэн, дүү З. Мөнх-Эрдэнэдээ гүн талархлаа илэрхийлье. Уншигч таны өлмий бат оршиж, оюуны мэлмий гэгээн тунгалаг байх болтугай.

Мэнгэт Овгийн Даваасүрэнгийн Баярхүү
2015 оны 4-р сарын 25

Жич: Хавтасны дизайныг хийж өгсөн "Unique design" компанийн захирал Алтанбаганадаа маш их баярлалаа.

2/08/2015

“Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ!”

            Хэрэв зээ үг хэл байхгүй байсан бол гээд та төсөө л дөө? Би энэхүү санааг танд яаж дамжуулж, та хэрхэн намайг ойлгох байсан юм бол? За, энэ “хэл”, “санаа” гэсэн хийсвэр ухагдахууныг больё л доо, би яаж, тэнгэр газар, хээр тал, уул ус гэсэн бодит ухагдахууныг таны бодол санаанд үүсгэх вэ? Хүртэхүйн эрхтнүүдээр танин мэдсэн мэдэгдэхүүнээ ухагдахуун болгон нэрлэж хэл яриа үүсэн нь хүний нийгмийн харилцааны “үр хөврөл” болсон билээ. Нүдээ аньсан байсан ч, “Тэнгэр газар, хээр тал, уул ус” гэсэн үгсийг сонсмогц таны сэтгэлд эл зүйлс ургаад ирж байгаа биз? Энэ мэтчилэн бид нүдээрээ харснаа үг хэлээр дамжуулан оюун ухаандаа хардаг. Нэг үгээр хэлбэл хэл гэдэг бидний оюун ухааны нүд болж таарах нь (Тэгэхээр ном уншина гэдэг оюуны мэлмийгээр ээ ертөнцийг тольдоно гэсэн үг байх нь). Хэрэв үг хэл байгаагүй бол эгээ л сохор хүн энэ хорвоо ертөнцийг хардаггүйн адилаар бидний дотор харанхуй байх байж. Чингэхлээр хэл бидний сэтгэхүйн угтвар нөхцөл болж байна. Хэл шинжлэлээр бол хэл сэтгэхүй хоёр холбоотой гэж үздэг нь энэ байх. Үг хэлээр дамжуулагдаж буй ухагдахууныг ухамсарлаж чаддаг нь биднийг танин мэдэх, сэтгэх чадвартай болгодог. Сэтгэх чадвар нь биднийг хүн болгодог.
            Тэгвэл дэлхийн долоон тэр бум хүнээс чухам юу биднийг монгол хүн болгож байгаа нь дээрх гаргалгаанаас тунгаавал ойлгомжтой: энэ бол монгол сэтгэхүй; харин монгол сэтгэхүйн угтвар нөхцөл нь монгол хэл болж таарч байна. Үлгэрлэвэл: Гэр, тулга, тооно, ааруул, борц, айраг гэх мэт эдгээр үг, бидний монгол сэтгэхүйн биелэл буюу соёлыг(Ямар сайндаа л хэл соёл гэж хорших вэ дээ) амьд байлгагч “цус” болсон Монгол хэлнээс маань өөр ямар хэлэнд “цагаан эс” болон байж байдаг билээ? Гэтэл өнөөдөр даяарчлал хэмээх тэргүүлэх орнуудын хэл, соёлын колоничлол нь “халдварт өвчин” болоод, манай соёлын “цусны цагаан эсүүд”-ийг маш эрчимтэй устгаж, бүр улаан эсүүд”-ийг дарангуйлах болсоор уджээ. Та, юун цусны улаан, цагаан эс болоод явчхав аа гэж бодож байж магадгүй юм, тэгвэл би ахин нэг, гэхдээ практик жишээ болгон нэгэн түүхийг өгүүлье: Хибру өөрөөр иврит(ариун хэл гэсэн үг) буюу еврей хэл нь Иудаизмын шашны ёслолын хэл бөгөөд ихэнх Иудаизмын шүн(гол судар-библи) энэ хэл дээр бичигдэж, еврей израильчууд болон тэдний өвөг дээдсийн хэл гэгдэн олон зууны турш еврей хүмүүсийн өдөр тутмын хэл байв. МЭӨ 587 онд Вавилоны эзэнт гүрэн Еврейн Өмнөд Хаант Улс Иудейг эзлэн авч элит хэсгийг нь Вавилон уруу цөлснөөр жүүдүүдийн диаспор буюу еврейн цагаачлал эхэлсэн байна. Энэ цагаачлалын үр дүнд Арамей хэл еврей хэлэнд орж, Иудейн ярианы хэл болон хэрэглэгдэх болжээ. Ингэснээр еврей хэлээр ярих хүн өдөр өдрөөр цөөрч, еврей хэлийг шашны номд сурах зорилгоор л ашиглах болж. МЭ 2-р зуунаас, Ромын дарлалын үеэр аймаглан устгах явдал, Христийн шашны хавчлагаас болон еврейн цагаачлал улам эрчимжиж, Израильд маш цөөхөн еврейчүүд үлдэн, бусад нь дүрвэн цагаачилж, дэвэн дэлхийгээр нэг таран одов. Түүнээс хойш Израилийн нутагт олон улс дайн дажин үймээн самуун хийж, МЭ 527 оноос Византийн эзэн хаан Юстиниан жүүдүүдийг үнэн алдартан христчүүдээр захируулж, дараа нь арабууд эзлэн авч 1516 он хүртэл байсан бөгөөд түүний дараагаар Оттоманы Эзэнт Гүрэн 20-р зууныг хүртэл ноёрхжээ.
            Дэлхийгээр тархсан еврейчүүд олон зуун жил тухайн цагаачилж очсон орныхоо хэлээр ярьж байжээ. Ийнхүү 16 зууны турш еврей хэл бараг зөвхөн шашны ёслол зан үйлийн хэлээр хэрэглэгдэж, Иудиазмын шашны ихэнх ном еврей хэл дээр бичигдсэний хувиар маш цөөхөн хүн еврейгээр ярьдаг байв. Түүхэн хуудас эргэж 1880-аад онд сионозм буюу еврейчүүд Израиль нутаг уруугаа буцаж еврейн улсыг байгуулах хөдөлгөөн өрнөсөн байна. Палестинд Еврейн улс байгуулах энэхүү эх оронч, улс төрийн, үндэстнээ сэргээх хөдөлгөөний нэг тулгын чулуу нь еврей хэлийг ахин сэргээж шинэ үндэстнийг нэг улс, нэг туг, нэг хэл дор нэгтгэх байж.
            Еврей эх хэлээ сэргээх энэхүү агуу эх оронч үйл хэрэгт, 1881 онд Палестинд очсон Элиэзер Бен-Иехуда хэмээх еврейн бичгийн их хүн бусад хэл шинжлэлийн эрдэмтдээ оройлон зүтгэв. Еврей хэлийг сэргээх үйл явц 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн хагаст Европ, Палестинд зэрэг өрнөж, Иудаизмын ариун хэл еврейн бичгийн болон ярианы хэл, Израилийн өдөр тутмын хэл болон өөрчлөгджээ. Энэ үйл явц нь анх 19-р зууны эхний хагаст Еврейчүүд Палестин уруу цагаачлах болсноор эхэлж анхандаа еврей хэл дэлхийн өнцөг булан бүрээс цугласан, өөр өөр төрөлх хэлтэй еврейчүүдийн харилцах гүүр болон ашиглагдаж байв. Гэсэн хэдий ч үүний зэрэгцээ Европт Еврейн хэлийг ерөнхийдөө шашны зан үйл, ёслолын ариун хэлнээс бичгийн хэл болгон хөгжүүлэн боловсруулж, хожим энэ нь үндэсний боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэжээ. Еврей хэлийг буцаан өдөр тутмын хэрэглээнд оруулах үйл явц онцгой явдал байсан нь: эх хэлийг ямар ч төрөлх хэлтэнгүйгээр хожмын олон сая төрөлх хэлтэнд эзэмшүүлсэн жишээ өөр дэлхийн түүхэнд байхгүй бөгөөд эртний ариун хэлийг улсаараа нийлж үндэсний хэл болгосон түүх ч байдаггүй юм байна.
            Тийнхүү олон эрдэмтэн, хэл судлаачдын цөхрөлтгүй оролдлого, ард олныхоо нэгэн үзүүрт сэтгэлийн үр дүнд Израиль улс еврей хэлийг ахин нийтийн хэрэглээнд оруулж чаджээ. Олон еврей Израильд нүүн ирж амьдарч, еврей хэлийг идэвхтэй сурч, бүх нийтээрээ еврей хэлээрээ харилцдаг болсон байна. Израильд олон үгийг Англи, Франц, Герман, Орос хэлнээс еврей уруу орчуулж, Хуучин Гэрээн дэх олон үг еврей хэлэнд маш их агуулгыг нэмж өгөв. Ийнхүү еврейчүүд хэл соёлоо мандуулан, төр улсаа байгуулж, хэлний шинэ статустайгаар 1948 онд Израйль улс тусгаар тогтнолоо зарлажээ.
            Чингэж еврейчүүд цэрэг зэвсгийн хүчээр биш, технологийн хүчээр биш, еврей ухаанаар улсаа байгуулсан юм. Еврейн ухаан буюу сэтгэхүйгээрээ байгуулсан. Еврей ухаан, сэтгэхүй гэж өөрөө юу юм бэ? Энэ бол еврей соёл. Еврейн соёл гэдэг өөрөө юу юм бэ? Еврейн соёл гэж еврейн шашин юм. Еврейн шашин гэж юу юм бэ? Еврейн шашин гэж еврей хэл дээр бичигдсэн Хуучин гэрээ гэгддэг, "Танах", "Талмуд" шүнгүүд буюу еврей Библи юм. Хүн хүсвэл еврей болж болно. Ингэхийн тулд та Иудаизм буюу еврейн шашинд орох ёстой. Ингэснээр та еврей сэтгэхүйтэй болж байгаа юм. Еврей сэтгэхүйтэй хүн еврей хүн болж таарна биз. Иудаизмын шашинд орсон хүнийг еврейчүүд үндэстэн, ястан үл хамааран еврей хүнд тооцдог. Учир ийм л юм. Би анти-семит үзэлтэн биш л дээ.
            Арван жилд нэг багш маань “Улс орныг эзлэх гурван арга байдаг нь хил, хэл(соёл), шашин(бас л нэг соёлын хэлбэр) гэж хэлж байсан нь” ямар үнэн үг байж вэ. Хүчирхэгжсэн улс бүр байлдан дагуулалт хийж, колоничлол явуулдаг нь өөрөө дэлхийн түүх юм шиг байгаа юм. Өнөө үед зэр зэвсгээр түрэмгийлж, колоничлох нь хоцрогдож хэл, соёлоор довтлон колоничилдог болсныг бид Америк, Солонгосын жишээгээр бэлхнээ харж байна. Тэгэхээр энэ түрэмгийлэл, колоничлолтой тэмцэж тусгаар тогтнолоо авч үлдэхийн төлөөх тэмцлийн эн тэргүүний фронт нь сэтгэхүй-соёл уламжлалыг маань тээгч эх хэл маань болж “таарлаав шүү”. “Таарлаав шүү” ч гэж үүнийг, Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж гадаад улсад нээлттэй болох тэр үед л, улс орон өөр маягаар бас дарлагдаж болдгийг билгүүн номч Б. Ринчен тэргүүтэй бичгийн их мэргэд маань анхааруулан хэлж байжээ.

Этгээд хэл

Үг нь монгол, өгүүлбэр нь орос
Үзэхэд этгээд сонин хэл.
Өв соёлоон үл тоомсорлон
Өнөөгийн байдал ийм болов
Зуун түмэн үгтэй хэлд
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх
Харийн үгээр далайлгагсдыг
Хамгийн боловсорсон гэхэд бэрх
Гадаадын үгээр гайхуулагчдыг
Гарамгай эрдэмтэн гэхэд бэрх
Хэвлэл сонин уншсан үдэшдээ
Хэлний шинжлэлтний нойр хулжаад
Хэвтэвч сэтгэлд эвгүй үг
Хэнхдэг дээр чулуу дарах мэт.
Харь үгийн бүлхэнд хахаж
Харанхуй шөнө хар дарах мэт