2/26/2014

Антон Чеховын ахдаа бичсэн захидал - Соёлтой хүний найман чанар



Москва, 1886 он

  Та байнга л “Хүмүүс намайг ойлгохгүй юм” гэж гомдоллох юм! Гете, Ньютон хоёр ингэж гомдоллодоггүй байсан юм шүү... Зөвхөн Христ л ийн гомдоллодог байсан, гэхдээ тэр өөрийнхөө өмнөөс биш номлолынхоо үүднээс хэлдэг байсан юм... Хүмүүс таныг тун сайн ойлгож байгаа. Харин та өөрийгөө ойлгохгүй байвал энэ тэдний буруу биш.
            Би таныг, дүүгийн хувьд басхүү найзын хувьд, бүх элэг зүрхээрээ ойлгож, энэрч байгаа гэдгээ батлан хэлэх байна. Би таны сайн зан чанаруудыг гарын арван хуруу шигээ мэднэ; тэр чанаруудыг тань үнэлэн, гүнээ хүндэлдэг. Миний таныг ойлгодог гэх баталгааг хүсэж байвал би тэдгээр зан чанаруудыг тань тоочиж чадах байна. Би таныг энэрэнгүй зөөлөн, уужим дотортой, хувиа хичээдэггүй, сүүлчийн зоосоо ч хуваалцахад бэлхэн нэгэн гэж боддог; та бол ямар ч атаа жөтөөгүй, гэнэн цайлган, хүн, амьтныг өрөвддөг, итгэл даадаг, дотуур тамир, ов бачгүй, хүнд муу санадаггүй хүн.
Танд дээрээс заяасан, бусад хүмүүст байдаггүй нэгэн бэлэг байдаг: тэр нь таны авьяас. Энэхүү авьяас билиг таныг сая сая хүнээс илүү болгодог, учир нь дэлхийд хоёр сая хүнээс нэг нь л жинхэнэ уран бүтээлч байдаг юм. Авьяас тань таныг онцгой болгодог – та бах эсвэл тэмээн аалз байсан ч хүмүүс таныг хүндэлнэ, учир нь авьяас чадвартай хүний тиймэрхүү чанарууд хүлцэгддэг юм.
Танд ганц л дутагдал байдаг, таны байр байдлын хуурмаг байдал, таны аз жаргалгүй байдал, таны ходоодны шарх үүнээс л үүдэлтэй. Энэ нь танд соёлч боловсон байдал сох дутдаг явдал билээ. Дүүгээ өршөөн хэлтрүүлээрэй, гэхдээ veritas magis amicitiae  (латинаар үнэнээс илүү найз үгүй?)
      Юу гэвэл, амьдрал өөрийн гэсэн нөхцөл болзлуудтай байдаг юм. Соёлтой боловсон хүмүүсийн дунд тухтай байхын тулд, тэдэнтэй хамт гэртээ байгаа юм шиг байхын тулд хүн өөрөө тодорхой хэмжээнд соёлжсон байх ёстой. Авьяас таныг ийм хүрээлэлд оруулсан, та энэ хүрээлэлд багтдаг, гэхдээ... та үүнээс дөлдөг, эсрэгээрээ та соёлтой хүмүүс хийгээд бэртэгчин дорд хүмүүсийн дунд хөрвөж байдаг.
Миний бодлоор соёлтой хүмүүс доорх болзлуудыг хангасан байх ёстой:
1.    Соёлтой боловсон хүмүүс хүний хувийн зан чанарыг хүндэлдэг - тиймээс тэд үргэлж эелдэг, зөөлөн, бусдад найр тавихад бэлэн байдаг. Тэд ганц алх, баллуурын өөдөсхөнөөс болж өрөөл бусадтай түнжин хагардаггүй. Тэд тусгүй гэж бодсон хэн нэгэнтэй амьдарч байгаад салахдаа “Хэн ч чамтай амьдар ч чадахгүй” гэж хэлдэггүй. Тэд дуу чимээ, хүйтэн нойтон, хатсан мах, бусдын цэцэрхэл сэлт хийгээд гэрт нь танихгүй хүмүүс ирэхийг хүлцдэг.
2.    Соёлтой боловсон хүмүүс дан ганц ядарсан гуйлгачид, тэнэмэл муурнуудыг өрөвддөггүй. Тэдний элэг нүдэнд харагддаггүй зүйлсийн төлөө ч эмтэрч явдаг... Тэд “П”...-д туслахын тулд, их сургуульд сурч байгаа дүүгийнхээ төлбөрийг төлөхийн тулд, ээждээ хувцас авч өгөхийн тулд шөнөжин сууж ажилладаг.
3.    Соёлтой боловсон хүмүүс бусдын өмч хөрөнгийг хүндэтгэн үздэг - тиймээс тэд өрөө төлдөг.
4.    Соёлтой боловсон хүмүүс үнэнч шударга учраас худал хэлэхээс гал ус үзсэн мэт айдаг. Тэд жижиг зүйл дээр ч худлаа ярьдаггүй. Худал үг сонсогч этгээдийг доромжилж, яригч этгээдийн нүдэнд түүнийг дорд болгож харагдуулдаг. Соёлтой хүмүүс дүр эсгэдэггүй - тэд гудамжинд ч тэр, гэртээ ч тэр нэгэн адил жишгээр биеэ авч явдаг. Тэд өөрөөсөө мөхөс хүмүүсийн өмнө гайхуулж сайрхдаггүй. Тэд олон юм ярьж, бусдад онгирч бардаггүй. Бусдын чихийг хүндлэхийн үүднээс соёлтой хүн ярихаасаа илүү чимээгүй байдаг.
5.    Соёлтой боловсон хүмүүс өрөвдүүлж өөрийгөө доромжилдоггүй. Тэд толгойгоо илүүлэхийн тулд, ая тал харж (өрөвдүүлж, харж үзүүлэхийн тулд) бусад хүмүүсийн зүрхний чавхдасаар тоглодоггүй. Тэд “Би дүүрсэн хүн”, эсвэл “Би муухай хүн” гэж хэлдэггүй, учир нь ийм хямд үр дүнгийн төлөө явах нь дорд, улиг болсон, хуурамч үйлдэл...
6.    Соёлтой боловсон хүмүүс "худлаа хоосон нэрэлхүү зангүй" байдаг. Тэд олны танил хүнийг таньдаг, согтуу “П”-тэй (хир тааруухан яруу найрагч Пальминыг хэлсэн байж магадгүй) гар барьсан, зургийн үзэсгэлэнд тэнэмэл үзэгчийн бахдалыг сонссон, зоог, уушын газруудад цуутай гэх мэт хуурамч алмаазаар өөрсдийгөө гоёх гэдэггүй... Тэд өчүүхэн юм хийчихээд нэг их гавьяа байгуулчихсан юм шиг маадгар алхдаггүй, бас бусдын орохыг зөвшөөрөөгүй газар орж байгаагаараа оодордоггүй. Жинхэнэ авьяастан үргэлж олны дунд нам гүм, гайхуулж сайрхахаас аль болох хол байдаг. “Хоосон торх дүүрнээсээ илүү цуурайтдаг” гэж Крылов хэлсэн байдаг юм.
7.    Соёлтой хүмүүс авьяастай бол түүнийгээ хүндэтгэдэг. Тэд авьяасынхаа төлөө бусдыг нь: архи дарс, хүүхэн шуухан, шалдир балдир юмсыг золиосолдог. Тэд авьяасаараа бахархдаг.
8.    Дээр нь тэд өндөр шаардлагатай байдаг. Соёлтой хүмүүс гоо зүйн мэдрэмжээ үргэлж хөгжүүлж байдаг. Тэд хувцастайгаа унтаж, хананы ан цаваар дүүрэн хорхой шавжийг харж, муухай агаар, шүлс цэртэй шалан дээгүүр явж, хоолоо тостой тогооноос нь идэж чаддаггүй. Тэд сексийн зөв совингоо аль болох дарж, барьж байхыг хичээдэг. Тэд эмэгтэйчүүдтэй ганцхан нэг оронд орохыг боддоггүй. Тэд нэг алдаагаа хоёр давтдаггүй. Соёлтой хүмүүс, ялангуяа хэрэв уран бүтээлч бол тэд шинэ эрчимлэг, дэгжин байдал, хүнлэг байдал уруу тэмүүлдэг хийгээд өөрсдөө эх хүн шиг энэрэнгүй, нигүүлсэнгүй байхыг хүсдэг. Тэд гахай биш, гахай биш гэдгээ ч мэддэг болохоор өдөржин шөнөжин архи гударч, хоол эргүүлдэггүй. Тэд зөвхөн чөлөөт цагаараа, эсвэл баяр ёслолын үеэр л зохистой уудаг. Тэдний хүсэл бол mens sana in corpore sano (латин: эрүүл биед саруул ухаан).
Гэх мэтчилэн үргэлжилнэ. Соёлтой боловсон хүмүүс ийм байдаг юм. Соёлтой байхын тулд өөрийн хүрээллийн зиндаанаас доош битгий ор, соёлтой байхын тулд “The Pickwick Papers” (Чарльз Диккенсийн роман)-ыг унших, “Фауст”-аас монолог цээжлэх нь хангалтгүй.
Үүний тулд байнга ажиллаж, өдөр шөнөгүй уншиж, суралцах хэрэгтэй. Цаг мөч бүхэн үнэтэй. Бидэн дээр хүрээд ир, ганц шил юмны бөглөө мулталж, амарч аваад унш... Хүсвэл Тургеневийг унш, та уншаагүй байх.
Та "худлаа хоосон нэрэлхүү зангаа" болих хэрэгтэй, ямар хүүхэд биш дээ – удахгүй гуч хүрлээ шүү дээ. Цаг нь болсон!
Би таныг хүлээж байна... Бид таныг хүлээж байна.
  А.П Чехов(Зүүн) ах Николай Чехов, 1882 он


Энэ захиаг бичих үед их зохиолч А.П Чехов өөрөө  26-тай, ах Николай Чехов нь 28 настай байжээ. Харин би хувьдаа өөрийгөө соёлч боловсонд тооцдог  хэн бүхэн А. П Чеховыг унших хэрэгтэй гэж боддог юм.

2/19/2014

Туйлын эрх чөлөө


“Би бүхий л буруу зүйлд татагддаг байсан: Би уух дуртай, залхуу байсан, надад бурхан, улс төрийн байр суурь, үзэл бодол, үзэл санаа гэж байгаагүй. Би юу ч биштэй – үл оршихуйтай нөхцөлдсөн, би үүнийг хүлээн зөвшөөрсөн. Би сонирхолтой хүн болох гэж зүтгээгүй. Би сонирхолтой байхыг хүсээгүй, энэ (сонирхолтой байхыг хичээх) маш хэцүү юм байна лээ. Би чухамдаа амьдрах намуун тайван газар, ганцаараа байхыг л хүссэн.” ЧАРЛЬЗ БУКОВСКИ
Америк, дэлхий дахинаа "борчуулын гавьяат" гэдгээр нь анддаггүй энэ яруу найрагчийг би саяхнаас л мэддэг болсон юм. Хоёр гурван шүлгийг нь л уншсан (Уулаасаа миний л мэдэхийн хоёр, гурван шүлэг нь л Монгол хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг юм байна лээ). Тэгээд л энэ хүн үхэн үхтэл минь зүрх сэтгэлд байх болно гэдгийг ойлгосон юм.


Бас мань хүний "Фактотум" романаас сэдэвлэн бүтээсэн доорх киног олж үзээрэй. Ерөнхийдөө өөрийнх нь "билиг танхай амьдрал" гардаг юм байна лээ.

2/10/2014

Танихгүй айлд бүрмөсөн орхигдсон хүүхдүүд

Амьдрал гэж юу вэ? Үхэл гэж юу вэ? Бурхан гэж байдаг юм уу? Ямар нь зовоод байгаа юм бэ? Ямар нь жаргадаг юм бэ?
Сарын өмнө манайд хөдөөнөөс үеэл эгч минь ирлээ. Ходоод нь өвдөөд - аймгийн эмнэлэг хавдар байж магадгүй гээд наашаа явуулсан гэнэ. Ингээд Хавдар Судлалын Үндэсний Төвд үзүүлтэл хорт хавдар болж таарлаа. Эмч нарын зөвлөгөөний хурлаар ороод мэс засалд орохоор болов. Тэгэхэд нь эгч сайн өдрөө оръё гээд эмч нарын товлосон өдрийг хэд хоногоор хойшлуулан, Цагаан Сарын дараа орохоор боллоо.
Энэ хугацаанд юм юм л болов: нутгийнхаа нэг мэргэн түргэн хүнийг дуудаж үзүүлэв; Гандан хийд оров – ном уншуулав; аргалдаг чаргалдаг гэдэг лам дээр очив;  бөө дээр ч очно л гэнэ (нөгөөдүүл нь босоод ирнэ, амь насанд аюулгүй хэмээгээд сахиусандаа даатгаж авсан гэж байгаа); ходоодонд сайн гээд шар шувууны мах иднэ л гэнэ (хоол орохгүй болсон ходоодтой байж шүү). Өөрөөр хэлбэл биеийн зовлон дээрээ нэмэрлэж сэтгэлээрээ баахан тоглуулав. 
Ингээд шийдвэрлэх өдөр - мэс засалдаа оров. Эмч нар цээжийг нь зүсэж задлаад, буцаагаад оёв – хавдар нь газар аван үсэрхийлээд найдваргүй болсон, үсрээд л зургаан сарын настай гэж хэлэв. Амьдрал гэж энэ, үхэл гэж энэ, зовлон гэж ийм. Харин хөөрхий эгч минь бурхан гэж мэдэхгүй, яагаад зовж байгаагаа мэдэхгүй, яаж жаргаснаа мэдэхгүй. Орост сургууль төгсөж ирээд, хүний эхнэр болж - амьдрал зохиогоод, гурван хүүхэд өсгөж өндийлгөсөн хорхойд ч хоргүй, эгэл жирийн малчин хүн. Багадаа намайг нэг удаа ганцаараа хөдөө очиж, гэрт нь амрахад орой болгон миний хүссэн хоолыг хийж өгч байж билээ.
Өвдсөнөөсөө нь хойш эгч маань айж байна - өвчин эгчийг ”огт өөр нэг газар” аваачсан. Хэдий гэр бүл, хамаатан садан нь өөртэй нь хэзээ хэзээнийхээсээ илүү ойр байгаа ч, эгч цаг үргэлж “тэр нэг газар”, биднээс алс хол байсаар л байна. “Огтхон ч мэдэхгүй,  үзээгүй газар” цор ганцаараа байгаа болохоор үргэлж айдастай, эгээ л жаахан хүүхэд – аав эсвэл ээжтэйгээ нь танихгүй айлд оччихоод, өөрийг нь орхиод явчих вий гэж эмээхдээ эцэг эхийгээ хаалга руу зүглэх бүрийд сандчин бачимддаг шиг. Гэтэл тэр айсан жаахан хүүхдээс бусад нь түүнийг эцэг эх нь танихгүй айлд орхиод явахгүй, үлдээгээд явсан ч эргэж ирж авна гэдгийг мэдэж байдаг. Хүүхэд ганцаараа л мэддэггүй, ээж аав нь явах гээгүй ээ гэж хэлсэн ч итгэдэггүй, учир мэдэхгүй болохоороо сэтгэл нь төвдөн шаналж уйлдаг (Энэ адилтгал дэндүү хөнгөднө л дөө). Зовлонгийн нүүрэн дээр бид бүгд л ийм байдалд ордог - учир мэдэхгүй болохоороо зовцгоодог. Нэг үгээр хэлбэл учир шалтгааныг мэдэхгүй байгаагийн айдас бидний сэтгэлийг юу юунаас илүү тамлан зовоодог.
Одоо эгчийг минь хэн ч аварч чадашгүй: энэ дэлхийн хамгийн шилдэг эмч нар, Билл Гейтсийн бүх мөнгө, Оросын “Зөн билгийн тулаан”-ны шилдэг оролцогчид, 14-р Далай лам, 266 дахь Пап лам, бурхан өөрөө заларч ирээд ч тогтоож хүчирэхгүй.
Бид бүгдээрээ “ТАНИХГҮЙ АЙЛД БҮРМӨСӨН ОРХИГДСОН ХҮҮХДҮҮД”. Бид яагаад энэ хорвоогийн шороог хөдөлгөн явна вэ? Яагаад эцэст нь хумхын тоос болон алга болно вэ? Яагаад эгч шиг минь ийм сайхан сэтгэлтэй гэмгүй зэмгүй эгэл жир хүмүүс насаараа зовно вэ? Яагаад насаараа худлаа хэлж, хулгай хийж, хүн алж хүрээ талсан нүгэлт хүмүүн жаргасаар байгаад дуусаж байна вэ? Юм яагаад ийм байдаг юм бэ, учир шалгаан нь юу юм бэ? Энэ бол сүсэг бишрэлтэй хүмүүст тодорхой, ойлгомжтой асуултууд.
Харин та энэ асуултуудын хариултуудыг хаанаас хайдаг вэ? Зурагт, интернэтээс үү, номоос уу, гүн ухаанаас уу, шашнаас уу? Хэзээ нэгэн цагт “тэр айдастай” нүүр тулахаараа юу хийх вэ (Хэзээ нэгэн цагт заавал нүүрэлдэнэ!)? Бөө дээр очих уу, хийморийн сан тавиулах уу, муурын мах идэх үү, өөрийгөө эсвэл хэн нэгнийг, аль нэг нам, төр засаг, улс орны байдлыг буруутган зүхэх үү? ЭСВЭЛ БЛОГТОО, ФЭЙСБҮҮКТЭЭ, ТВИТТЕРТЭЭ ПОСТ БИЧИХ ҮҮ?

2/07/2014

Хамгийн богино өгүүллэг

         Нэгэн удаа Эрнест Хемингуэй уушийн газар сууж байгаад, хамт явсан зохиолчидтойгоо хүн уншаад уйлмаар (уйлдаггүй юмаа гэхэд эмзэглэхээр) өгүүллэгийг зургаахан үгэнд багтаан бичиж чадна гэж мөрийцөж л дээ. Бооцоо нь хүний арван доллар байсан юмсанж. Тэгээд их зохиолч доорх үгсийг сийрүүлээд мөрийгөө авч байжээ: "ХҮҮХДИЙН БОЙТОГ ЗАРНА. ОГТ ӨМСӨЖ БАЙГААГҮЙ."


                              
         Хэдий яг ийм юм болсон гэх барин тавин баримт байхгүй, энэ түүх амнаас ам дамжин яригддаг ч Эрнест Хемингуэй бичсэн байх хамгийн өндөр магдлалтай нь гэдэг юм билээ. Би ч гэсэн санал нэг байна. Учир нь энэ зургаан үгийг уншихаар "Зэр зэвсэг минь баяртай" гэдэг номын сүүлийн бүлэг санаанд орж ирээд байгаа юм.


2/06/2014

"Би мөрөөдөлтэй байсан"


          Театр дүүрэн, ялзарсан улаан лооль шидэхэд бэлхэн үзэгчид; хэний ч мэдэхгүй 47 настай авгай – эл авгайн тайзан дээр ихэмсэг бардам, донжтой гарч ирж байгаа маяг; шүүгчдийн тандсан асуулт; нөгөө авгайн итгэл дүүрэн хариулт; жогтой зан авир, жигтэй байдал; зрителийн эгдүүцсэн хариу үйлдэл, доог тохуу; үзэсгэлэнтэй, симфони хөгжмийн оносон ноотууд; зүрх сэтгэлээсээ гарах дуу хоолой; босож зогссон - нижгэнэсэн алга ташилт; “I Dreamed a Dream”; тэр ингэж тавь шахаж явахдаа мөрөөдлөө биелүүлдэг юмийн түүний өмнө хорвоо ертөнц бүхлээрээ мэхийн ёсолдог юм.
       “Britains Got Talent” шоу нэвтрүүлгийн Сюзан Бойлын энэ шалгаруулалтыг үзэх бүрт л "хамрын самсаа шархирдаг" юм даа.

"Би мөрөөдөлтэй байсан" (I Dreamed a Dream дууны орчуулга)

Нэгэн цагт би мөрөөдөлтэй байж билээ 
Итгэл найдвар дүүрэн, амьдрал сайхан байлаа
Би хайрыг хэзээ ч бөхөхгүй гэж мөрөөддөг байлаа
Бурхныг нигүүлсэнгүй байна гэж мөрөөддөг байлаа
           Тэгэхэд би залуухан, зоригтой ч байж
Тэгээд мөрөөдөж, бас ашиглуулж, бас мөхсөн
Тэр үед авч явах амь зуулга гэж байгаагүй
Дуулаагүй дуу, амтлаагүй дарс гэж байгаагүй
 Гэтэл шөнө дөлөөр барс ирсэн
Архирах чимээ нь аянга мэт зөөлөн
Итгэл найдварыг минь тастан хаяж
Ичгүүр шившгээр мөрөөдлийг минь сольсон
            Харин би түүнийг одоо ч над дээр ирнэ,
Хамтдаа бид олон жил амьдарна гэж мөрөөдсөөр
Гэвч биелэгдэшгүй мөрөөдөл гэж байдаг
Гэтэлж бидний баршгүй шуурга гэж байдаг
Надад мөрөөдөл байсан, миний амьдрал...
Одоо  амьдарч байгаа тамаас хамаагүй өөр байна гэж,
Одоо санагдаж байгаагаас тэс өөр байна гэж мөрөөддөг байсан!
Харин одоо... амьдрал… миний мөрөөдлийг... үгүй хийсэн.

"Алхимич" Пауло Коэльо (Англи хэл дээр татаж авахаар)


           Хүн, хонь хоёр юугаараа ялгаатай вэ? Биологийн үүднээс аваад үзвэл хоёулаа сүүн тэжээлтэн амьтан - хүн нь хоол хүнсний гинжин хэлхээний гарцаагүй дээр, хонь нь дунд эсвэл адаг хавьцаа нь байдаг байх. Философийн үүднээс аваад үзвэл хүнд өөрийгөө ухамсарлах ухаан гэж бий - ухаантай болохоор хүнд хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэл гэж бий; харин хонинд өвс, ус байхад л болно. Энгийн үгээр бол ийм. Даан ч аль ч нийгэм хүмүүс биднийг хүссэн хүсээгүй хонь болгодог.
Бидний дийлэнх нь өвс, усханы төлөө л ажилладаг. Яагаад? Яагаад гэвэл бид айдаг - "өвс, усаа" алдчих бий гэж эмээдэг. Биднийг хониноос ялгадаг хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийн араас яваад бүтэлгүйтэн "Бай ч үгүй, банз ч үгүй" болчих бий гэж; нэг үгээр хэлбэл бид бүтэлгүйтлээс айдаг.
Айдастаа автаад нийгэм хэмээх "хашааны" хонь байхыг илүүд үздэг, "өвс устайгаа" байвал болоо гээд "хэн нэгний туусан газар руу явж, тавьсан өвсийг идэж, заасан усыг уухыг "сонгодог" - тэгсэн мөртлөө үргэлж гомдоллон "майлж" байдаг. Харин Пауло Коэльо энэхүү “Алхимич” номдоо “ХОНЬ БАЙХ БОЛОМЖ ХЭЗЭЭД ОЛДДОГ, ХАРИН ХҮН БАЙХ - ХҮСЭЛ МӨРӨӨДЛӨӨ ДАГАХ БОЛОМЖ ТЭР БҮР ОЛДООД БАЙДАГГҮЙгэж бичжээ. Товчоор хэлбэл энэ номын өгүүлэмж ийм.
Миний бодлоор гурван зүйл “Алхимич”-ийг гайхамшигтай болгодог.
Нэгт: Энэ ном бол миний уншсан цөөхөн хэдхэн номуудаас аугаа мөрөөдөл хүслийн тухай гардаг хоёрхон номын нэг (Нөгөө нэг ном нь Мигель Де Сервантасын “Дон Кихот”). Бусад номд хэрхэн хувь тавилантайгаа эвлэрч, заяа төөргөөрөө болж байгааг л өгүүлдэг юм (Ер нь дийлэнх ном тийм юм биш үү?).
Хоёрт: Номын гол баатар мөрөөдлөө хөөж байна, хувь заяагаа гартаа авч байна гээд хорвоо дэлхийг сөрөн муйхарлан зүтгэдэггүй (“Кихот ноён” дээр бол тэгдэг - зохиолчийнх нь ёгөө санаа нь ч тэр байсан, гэхдээ л Кихот ноён, Пансын Санчо хоёр миний хамгийн хайртай дүрүүдийн нэг), эсрэгээрээ хорвоо ертөнцийн мөнхийн жам ёсыг (үүний тухай гайхамшигтай бясалган бичсэн байгаа) ухааран таньж - энэ гэгээрлээ хүсэл мөрөөдөлдөө хүрэх шат гишгүүр болгон ашигладаг юм.
Гуравт:
Пауло Коэльо - Есүс, Будда, Мухаммед гурвын алтер эго дүрийг Алхимичээр маш мэргэн, урнаар дүрсэлж гаргасан.
        Гарсан цагаасаа хойш хамгийн олон хэлэнд хөрвүүлэгдэж, хамгийн олон хувиар борлуулагдсан номуудын нэг болох “Алхимич” (1988 он) нь дэлхийн сонгодог зохиолын жагсаалтад ч хэдийн багтаж хүн болгоны унших учиртай ном болсон.
         Англи хэлэн дээрх энэ хувилбар нь энгийн үгээр, уншихад ойлгомжтой (Монгол хэл дээр уншсан ч гэсэн ялгаагүй дээ) орчуулагдсан, утсан дээрээ уншаад явахад ч том үсэгтэй амар юм байна лээ. Тиймээс татаад аваарай. Олон долоон юм шалчисныг уучилна биз. Доорх бичлэгт Пауло Коэльо хэрхэн “Хонины айдсаа” даван туулах тухай ярьсан байгаа.