8/20/2014

Ийм л учраас бид Чарли Чаплинд хайртай биш гэж үү?

Намайг уучлаарай, гэхдээ би эзэн хаан болмооргүй байна. Тэр миний миний ажил биш. Би хэнийг ч захирч, байлдан дагуулмааргүй байна. Би боломжтой бол хүн бүрт тусалмаар байна, еврей, еврей биш, хар, цагаан ялгаагүй. Бид бүгд нэг нэгэндээ туслахыг хүсдэг. Хүмүүс тийм байдаг. Бид бусдынхаа зовлонгоор биш жаргалаар амьдрахыг хүсдэг. Бид нэгнийгээ үзэн ядаж, жигшиж зэвүүцэхийг хүсдэггүй. Энэ дэлхийд хүн бүгдийг багтаах зай бий. Эх дэлхий маань баян, бүгдийг маань тэжээн тэтгэж чадна. Амьдрал эрх чөлөөтэй, гоо үзэсгэлэнтэй байж болно, гэвч бид замаа алдсан.
Шунал хүний сэтгэлийг хордуулж, дэлхийг үзэн ядалтаар хашиж, биднийг зовлон зүдүүр, цусан далай руу хөл тавиулан алхуулсан. Бид хөгжилд хүрсэн, гэвч өөрсдийгөө хаагдмал болгосон. Элбэг дэлбэгийг өгсөн машин биднийг эрэлт хэрэгцээтэй болгож орхисон. Бидний мэдлэг биднийг увайгүй болгосон. Бидний ухаан хатуу болоод харгис. Бид хэтэрхий их боддог мөртлөө дэндүү багийг мэдэрдэг. Машинаас илүү бидэнд хүнлэг сэтгэл хэрэгтэй. Хар ухаанаас илүү сайхан сэтгэл, нинжин сэтгэл хэрэгтэй. Эдгээр чанаруудгүйгээр амьдрал догшин хэрцгий болж, бүх зүйл үгүй болно...
               Нисдэг онгоц, радио биднийг ойртуулсан. Эдгээр бүтээлүүдийн үндсэн зорилго бол хүмүүсийн сайхан сэтгэл, ертөнц дахины ахан дүүгийн барилдлага, бид бүхний нэгдлийн дуу хоолой болох билээ. Яг одоо ч миний дуу хоолой дэлхий дахины сая сая хүмүүс, тэднийг тамлан зовоодог, гэм зэмгүй ард олныг барьж хорьдог системийн хохирогчид болсон сая сая цөхрөнгөө барсан эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд хүрч байгаа.
Намайг сонсож байгаа хүмүүст би битгий цөхөр гэж хэлэх байна. Одоо бидэнд нүүрлээд байгаа зовлон бол шуналын түр зуурын үзэгдэл, хүн төрөлхтний дэвшлийн замаас айдаг хүмүүсийн хорсол юм. Хүний үзэн ядалт дуусна, дарангуйлагчид үхнэ, тэдний ард олноос булаасан эрх мэдэл ахин түмэн олонд шилжинэ. Хүн үхсээр байгаа цагт эрх чөлөө хэзээ ч үгүй болохгүй...
Цэргүүд ээ! Та нарыг дорд үздэг, боолчилдог, та нарын амьдралыг үнэлдэггүй, та нарын юу хийхийг, юу бодохыг, юу мэдрэхийг заадаг, та нарыг шатрын хүү шиг хөдөлгөдөг, та нарын хоолыг хасдаг, та нартай мал лугаа үзэн харьцдаг, та нарыг дайны золиос болгон ашигладаг харгис хэрцгий хүмүүст өөрсдийгөө битгий даатга! Өөрсдийгөө битгий энэ хүний ёсноос гажууд – машин оюун ухаантай, машин зүрх сэтгэлтэй машин шиг хүмүүст битгий тушаа! Та нар машин биш! Та нар мал биш! Та нар бол хүн! Та нарын зүрх сэтгэлд хүн төрөлхтний хайр бий! Та нар үзэн яддаггүй! Зөвхөн хайраар дутагсад үзэн яддаг юм- хайраар дутагсад, хүний ёсноос гажууд хүмүүс үзэн яддаг юм! Цэргүүд ээ! Боолчлолын төлөө бүү тулалд! Эрх чөлөөний төлөө тулалд!
Гэгээн Люкийн 17-р бүлэгт “Бурхны хаант улс хүний дотор бий” гэж бичсэн байдаг- ганц хүний биш, хэсэг бүлэг хүмүүсийн биш, харин бүх хүний дотор бий! Та нарын дотор бий! Хүмүүс та нар хүч чадалтай – машинуудыг бүтээх чадалтай. Хүмүүс та нарт аз жаргалыг бий болгох чадал бий! Хүмүүс та нарт энэ амьдралыг эрх чөлөөтэй, үзэсгэлэнтэй, гайхамшигтай адал явдал болгох эрх мэдэл бий!
Тиймээс ардчиллын нэрийн өмнөөс тэр хүч чадлаа ашиглацгаая, бүгдээрээ нэгдэн нийлье. Шинэ ертөнцийн төлөө тулалдацгаая- хүмүүст ажиллах боломж олгодог, залуучуудад ирээдүй, хөгшчүүлд аюулгүй байдлыг өгдөг сайхан ертөнцийн төлөө тулалдацгаая. Харигслагчид эдгээр зүйлийг амлаж эрх мэдэлд хүрдэг. Гэвч тэд худлаа ярьдаг! Тэд амлалтаа биелүүлдэггүй. Хэзээ ч биелүүлэхгүй!
Дарангуйлагчид өөрсдийгөө чөлөөлж, харин ард түмнийг боолчилдог! Харин одоо бүгдээрээ тэр амлалтыг биелүүлэхийн төлөө тулалдацгаая! Дэлхий ертөнцийг чөлөөлөхийн төлөө тулалдацгаая үндэстний саад бэрхшээлийг үгүй болгохын төлөө, шунал хүсэл, үзэн ядалт, эвлэршгүй байдлыг эцэс болгохын төлөө тэмцэцгээе. Ухаалаг дэлхий - шинжлэх ухаан, хөгжил дэвшил нь бүх хүмүүнийг аз жаргалд хөтөлдөг дэлхийн төлөө тулалдацгаая. Цэргүүд ээ! Ардчиллын нэрийн өмнөөс бүгдээрээ нэгдэцгээе!

4/18/2014

Бидний хайртай "Габо" 87 насандаа мөнхөрлөө

         "Яруу найрагчид хийгээд гуйлгачид, хөгжимчид болоод зөн билэгтнүүд, дайчид басхүү шаар шавхруунууд - тэрхүү жолоогүй цулбуургүй бодит байдлын “гар хөлүүд” бидэнд ялихгүй уран сэтгэмж хэрэгтэй байсан, юу гэвэл бидний хамгийн том асуудал бол бидэнд өөрсдийн амьдралыг итгэл үнэмшилтэй болгох нийтлэг утга учир дутдагт байгаа юм. Энэ л бидний ганцаардлын гол учир шалтгаан билээ, найзууд минь." Габриель Гарсиа Маркес, 1982 он, Швед улс, Стокгольм, Нобелийн шагнал гардуулах ёслол
            “...юу гэвэл бидний хамгийн том асуудал бол бидэнд өөрсдийн амьдралыг утга учиртай болгох нийтлэг итгэл үнэмшил дутдагт байгаа юм...” гэвэл илүү ойлгомжтой ч юм шиг. Гэхдээ Маркесийн зохиолууд намайг айлгаад байдаг юм. Хүн биш "амьдрал" өөрөө тухайн түүхийг өгүүлээд байгаа юм шиг – ямар ч шүүлтүүргүй, гаргалгаагүй, дүгнэлтгүй, хүйтэн хөндий, хайхрамжгүй, хэнэггүй, ажиг ч үгүй бичлэгийн хэв маяг нь намайг айлгадаг. Би бүр хүмүүсийн уран сэтгэмж гэж хүлээж авдаг зарим хэтрүүлгийг тийм гэж боддоггүй. Харин ч бүр дэндүү бодитой санагдаад байдаг нь намайг айлгадаг. Жишээ нь: Сайхан Ремедиос цагаан хэрэглэл өлгөж байгаад тэнгэр лүү хийсээд явчихдаг хэсэг байна. Үнэндээ бидний амьдралаас хүмүүс тэрнээс ч амархан явж оддог. Өчигдөр байсан хүн, бүхэл бүтэн амьдрал үлгэрийн юм шиг л өнөөдөр ингээд л байхгүй болсон байдаг шүү дээ. Харин оронд нь "дурсамж", "түүх", "домог" үлддэг билээ.


3/24/2014

Мэргэн ухааны хуанли: Толстой эрдэм мэдлэг хийгээд амьдралын утга учрын тухай

“Эрдэмтэн хүн олон ном мэддэг; сайн боловсролтой хүн мэдлэг, чадвартай байдаг; харин гэгээрсэн хүн амьдралынхаа зорилго болоод утга учрыг ойлгодог."
Л.Н. Толстой


1884 оны 3-р сарын 15-ны өдөр Лев Толстой өдрийн тэмдэглэлдээ ийн бичжээ: “Би өөртөө уншлагын орчил бий болгосон: Эпиктет (МЭ 55–135; грекийн гүн ухаантан), Марк Марк Аврелий (МЭ 121-180; Ромын эзэн хаан, гүн ухаантан), Лао-Цзы (МЭӨ 6-р зуун, эртний хятадын гүн ухаантан), Будда, Паскаль (1623–1662; Францын математикч, гүн ухаантан), “Шинэ гэрээ” гм. Түүнчлэн хүн бүр эднийг унших хэрэгтэй.
Ингээд Толстой “нэг жилийн өдөр бүрт зориулан бүх цаг үеийн, бүх үндэстний хамгийн агуу гүн ухаантнуудын онч мэргэн санаануудыг” түүвэрлэж эхэлжээ. Дараа жил нь тэрээр туслахдаа өөрийн төлөвлөгөөгөө тайлбарлан бичсэн байна:
“Сократ, Эпиктет, Арнольд (Английн яруу найрагч, утга зохиол шүүмжлэгч; 1822-1888), Паркер гэх мэт сод сэтгэгчидтэй холбогдож байгаа нь надад агуу их дотоод хүчийг өгч байна... Тэд надад хүн төрөлхтөнд юу хамгийн чухал хийгээд амьдралын утга учир юу болох тухай өгүүлж байна... Би нэг ном бичмээр байна – хүнд амьдралынх нь тухай, “Сайн Сайхан Амьдралын” тухай хэлж өгөх ном бүтээмээр байна”.
Толстой дараагийн 17 жил тэдгээр цэцэн мэргэн ухааны хэсгүүдийг цуглуулахад зарцуулав. Эцсийн эцэст тэрээр 1902 онд, нас ная хэвийж, хүнд өвчтэй, мөнх бустай нүүрэлдэж байх үедээ “Өдөр бүрийн мэргэн бодол” хэмээх нэртэй номыг бичихээр ширээнээ суужээ. Гар бичмэлээ хэвлэх газар руу явуулсныхаа дараа Толстой нэг юм амьсгаа аван, өдрийн тэмдэглэлдээ ингэж тэмдэглэжээ:
“Номыг нь уншсан, Уншлагын орчил-оосоо гаргалгааг нь сонгосон хамгийн шилдэг, цэцэн мэргэн хүмүүстэй холбогдсоноороо би оюун санаа, ёс зүйн хувьд оргил дээр гарсан мэт санагдаж байна.”
“Мэргэн хүмүүсийн бодролууд” хэмээн нэрийг нь сольсон энэхүү ном анх 1904 онд хэвлэгдэж, тун удалгүй дэлгэрүүлсэн, дахин засварласан хувилбар нь “Мэргэн ухааны хуанли” нэртэйгээр нь гарсан юм, энэхүү номонд тодорхой өдөр бүрийн сэдвийг хамарсан ишлэлүүд болоод Толстойн өөрийнх нь хэдэн зуун бодролууд багтжээ.
............................................................................................................................................
Толстой оршилд нь ийн бичжээ:            “Би энэхүү номын уншигчдыг, номыг бүтээхээр ажиллаж байхдаа, мөн өмнөх хувилбарыг баяжуулж сайжруулахаар өдөр бүр унших бүртээ миний ахин дахин мэдэрч байсан тэр л уужуу тэнүүн, агуу сайхан мэдрэмжийг авна гэж найдаж байна.”
........................................................................................................................................


Олон хэрэгцээгүй, хир тааруухан юм мэддэг байснаас цөөхөн мөртлөө хэрэгтэй, чухал шаардлагатай зүйлийг мэддэг байсан нь дээр.

Цомхон, сонгомол номын санд ямар агуу эрдэнэс нуугдана вэ! Мянга мянган жилийн түүх шастиртай, дэлхийн соёл иргэншилтэй улс бүрийн хамгийн цэцэн мэргэн, хамгийн хүндлүүштэй хүмүүсийн нэгдэл болсон энэ шилмэл номын сан бидэнд, тэдний эрэл хайгуул, тэдний оюун билгийн үр дүнг хүртэх боломжийг олгож байна. Тэдний хамгийн дотно найздаа ч дэлгээгүй байж мэдэх бодол санаа өөр зууны хүмүүс бидэнд зориулагдан тодорхой, ойлгомжтой үгсээр бичигдсэн байнам. Тийм ээ, бид сайн номууд - бидний амьдрал дахь хамгийн тэргүүлэх оюун санааны ололт амжилтуудад талархах учиртай.”
 Ральф Уолдо Эмерсон (1903-1882; Америкийн эсээч, зохиолч, яруу найрагч, гүн ухаантан) 1-р сарын 1

“Эхлээд сайн номуудыг унш, эс бөгөөс чамд цаг олдохгүй.” Хенри Дэвид Торо (1817-1862, Америкийн байгаль судлаач, трансценденталист гүн ухаантан) 1-р сарын 1


            “Ой ухаанаар биш оюун ухаанаараа олж авсан мэдлэг л жинхэнэ мэдлэг болно. Бидэнд заасныг мартахад л бид жинхэнэ мэдлэгийг олж эхэлдэг.”
Хенри Дэвид Торо, 1-р сарын 9

            “Бусад хүмүүсийн илэрхийлсэн бодол санааны байнгын урсгал хүний өөрийн санаа, сэдлийг зогсоож, дарангуйлах аюултай... Иймээс байнга л суралцах нь хүний тархийг сулруулдаг... Өөрөө бодож сэтгэхээ байж, оюун ухаандаа бусдын номлолд зай тавьж өгөх явдал надад нэгэнтээ Шекспир, бусдын нутгийг үзэхийн тулд өөрийн газраа зарсан үеийнхнийгээ ёжилж байсныг санагдуулаад байдаг юм.” Артур Шопенхауэр(1788-1860, Германы гүн ухаантан), 1-р сарын 9

              “Жинхэнэ мэргэн ухаан бол бүгдийг мэдэх биш, харин амьдралд юу хамгийн хэрэгтэй, юу  тийм ч чухал бус, юу ямар ч шаардлагагүйг мэдэж байх явдал юм. Хамгийн хэрэгцээтэй эрдмийн дундаас хэрхэн сайхан амьдрах тухай эрдэм нь хамгийн чухал юм - тэр нь амьдралдаа аль болох бага балаг тарьж, аль болох их сайн сайхныг бүтээх юм. Өнөө үед хүмүүс хэрэгтэй хэрэггүй шинжлэх ухаануудыг судлах мөртлөө энэ хамгийн чухал мэдлэгийг судлахаа мартах болж.”
Жан Жак Руссо(1712-1778; Женевийн философич, зохиолч, хөгжмийн зохиолч),
3-р сарын 16

Шинжлэх ухаан төгсгөлгүй олон салбарт хуваагдаж болно, тэгэхээр салбар бүрт хөөж болох мэдлэгийн хэмжээ хязгааргүй. Чингэхлээр хамгийн шийдвэрлэх мэдлэг нь юуг зайлшгүй сурвал зохих, юуг сурах шаардлагагүйн тухай юм.
Өнөө цагт асар их хэмжээний мэдлэг хуримтлагджээ. Удалгүй энэ мэдлэгийг судлахад бидний чадал мөхөстөж, нас хүрэлцэхгүй болно. Бидний мэдэлд өргөн уудам мэдлэгийн сан байна, гэвч бид тэдгээрийг судалсныхаа дараа ихэвчлэн огтхон ч ашигладаггүй. Ийм шаардлагагүй мэдлэгийн хэрэггүй ачаатай байснаас байгаагүй нь дээр.”
Иммануил Кант (1724-1804, гүн ухаантан, Пруссын метафизикч), 4-р сарын 1

Гол нь мэдлэгийн хэмжээ биш мэдлэгийн чанар юм. Хүн юу хамгийн чухаг вэ гэдгийг мэдэлгүйгээр олон зүйл мэддэг байж болно.
            Хоёр төрлийн мунхаг байна: Нэг нь, цэвэр - бүх хүмүүсийг төрхөөс нь л байдаг төрөлхийн мунхаг, нөгөөх нь мэргэн цэцэн гэгддэг мунхаглал байна. Өөрсдийгөө эрдэмтэд гэдэг олон хүн жинхэнэ амьдралыг мэддэггүй, тэгээд энгийн номхон ард хийгээд эгэл жирийн юмсыг дорд үздэг.”
Блез Паскаль (1623-1662, Францын гүн ухаантан, математикч), 4-р сарын 18

            “Бидний эрх чөлөөтэй байхад тусалдаг нэг л жинхэнэ мэдлэг байдаг. Бусад эрдэм нь ердөө зугаа төдий юм.” (Вишну Пурана, Энэтхэгийн Хинду шашны судраас) 6-р сарын 23              ...........................................................................................................................................................

“Ухаант хүмүүн мэдэхгүй байхаасаа, эргэлзэж тээнэгэлзэхээсээ, эсвэл шаргуу хөдөлмөрөөс айдаггүй; харин ганцхан зүйлээс л эмээдэг нь мэддэггүй зүйлээ мэддэг юм шиг дүр эсгэх явдал юм.

Их суралцах тусмаа хүн ямар багийг мэддэгээ ухаардаг.”
Мишель де Монтень(1533-1952; Францын хүнлэг үзэлтэн, гүн ухаантан, эсээч), 10-р сарын 1

“Хамгийн чухал эрдэм бол хүний амьдралын замыг заадаг ухаан юм.”
Сенека(МЭӨ 4-МЭ 65 он, Ромын гүн ухаантан, жүжгийн зохиолч), 11-р сарын 14

Гэхдээ энэ номоос хамгийн сэтгэл хөдөлмөөр нь өдөр бүрт зориулан түүвэрлэсэн дээрх ишлэлүүдийн дараа буй Толстойн өөрийн бодролууд юм. Жишээ нь:

“Жинхэнэ биет хор, оюун ухааны хор хоорондын ялгаа гэвэл: ихэнх биет хор амсахад гашуун нясуун байдаг; харин хямд төсөр сонин сэтгүүл, муу ном хэлбэртэй оюун ухааны хор, харамсалтай нь заримдаа, сонирхол татмаар амттай байж болно.” 1-р сарын 1

“Зөвхөн сэтгэл зүрхний гүнээсээ асуусан асуултуудад хариулж байгаа тохиолдолд л бодол санаа нь хүний амьдралыг зөв зүгт залж чадна. Бусдаас зээлж, оюун ухаан, ой тогтоолтоороо хүлээн зөвшөөрсөн бодол хүний амьдралд тийм ч их нөлөөлөхгүй, заримдаа хүнийг буруу зүгт ч хөтлөх нь бий. Бага унш, бага суралц, харин их бод.
............................................................................................................................................
Багш нараасаа, уншиж байгаа номуудаасаа суралц, тэр л зүйлүүд чамд хамгаас хэрэгтэй, чиний мэдэж авах ёстой зүйлс байх болно.” 1-р сарын 9

“Эрдэмтэн хүн олон ном мэддэг; сайн боловсролтой хүн мэдлэг, чадвартай байдаг; харин гэгээрсэн хүн амьдралынхаа зорилго болоод утга учрыг ойлгодог.
Хязгааргүй олон өөр өөр шинжлэх ухаан бий, гэхдээ амьдралын утга учир юу болох, мөн хүмүүст юу хэрэгтэй вэ гэдэг үндсэн шинжлэх ухаангүйгээр бусад бүх эрдэм мэдлэг, урлагийн хэлбэр нь дэмий хоосон, аюултай зугаа болно.
            Бид, бүх үеийн хамгийн ухаалаг хүмүүс амьдралыг юу гэж ойлгосны шал эсрэгээр нь утга учиргүй амьдардаг. Залуу үеийг буруу аргаар сургаж байгаа болохоор ийм юм болж байгаа юм - тэдэнд янз бүрийн шинжлэх ухаан заадаг, гэхдээ амьдралын утга учрыг заадаггүй.
            Цорын ганц жинхэнэ шинжлэх ухаан бол хүн хэрхэн амьдарвал зохих вэ гэдэг асуудал юм. Мөн энэ мэдлэг хүн бүрт нээлттэй байдаг.” 1-р сарын 18

            Хэрэв эрдэм бүхэн сайн байсан бол төрөл бүрийн эрдмийн араас хөөцөлдөх нь ашигтай байхсан. Даан ч олон хуурамч зүйлс сайн, хэрэгтэй эрдэм мэдлэг мэт харагддаг, тиймээс эзэмших мэдлэгээ сонгохдоо няхуур бай.” 3-р сарын 16

            “Чи нийгмийн зарим байдлыг муу гэж үзэж байвал, өөрчлөхийг хүсэж байгаа бол үүнийг хийх нэг л арга зам байна: чи хүмүүсийг засаж залруулах ёстой. Харин хүмүүсийг засаж залруулахын тулд чи цорын ганц зүйлээс эхлэх хэрэгтэй: тэр нь өөрөө өөрийгөө засаж залруулах юм.” 3-р сарын 17

            “Хуурамч эрдмээс болгоомжил. Бүх муу юм үүнээс үүдэлтэй.

Эрдэм мэдлэг гэдэг оройгүй.  Тиймээс ихийг мэддэг хүн, багийг мэддэг хүн хоёрын хооронд ямхын төдий л ялгаа бий.” 4-р сарын 1

            “Мэдэхгүй байх нь өөрөө ичгүүртэй эсвэл гэмтэй хэрэг юм биш. Хэн ч бүгдийг мэдэж чадахгүй. Харин мэдэхгүй юмаа мэддэг юм шиг царайлах нь шившигтэй бөгөөд аюултай.(4-р сарын 18)
            .................................................................................................................................
            “Жинхэнэ шинжлэх ухаан, жинхэнэ урлагт маш тодорхой хоёр шинж тэмдэг бий: эхний дотоод шинж нь, эрдэмтэн эсвэл уран бүтээлч хүн ашиг хонжоо харж биш, өөрийн хүсэл тэмүүллээрээ, өөрийгөө золиосолж, гаргуунд нь гарган ажилладаг; хоёрдох бөгөөд гадаад шинж нь түүний бүтээл бүх хүмүүст ойлгомжтой байдаг. Жинхэнэ шинжлэх ухаан тухайн цаг үеийн хүмүүсийн чухал гэж бодож байгааг мэдлэгийг судалж, хүртээмжтэй болгодог; жинхэнэ урлаг энэ үнэнийг мэдлэгийн салбараас мэдрэмжийн салбар руу дамжуулдаг.
           
            Урлагийг бүтээх нь олон хүний боддог шиг ертөнцөөс тасарчихсан юм биш; харин ч хэрэгцээтэй, хийхэд сайхан зүйл байдаг, ялангуяа тэрхүү урлаг нь хүмүүсийг нэгтгэж, тэдний дунд тиймэрхүү мэдрэмжийг төрүүлж байгаа бол.” 7-р сарын 2


            Шаардлагатайгаасаа ихийг мэддэг байснаас шаардлагатайгаасаа багийг мэддэг байсан нь дээр. Мэдлэг дутмаг байхаас битгий ай, харин худлаа хоосон зандаа таацуулан эзэмшсэн хэрэгцээгүй эрдмээс л үнэн голоосоо ай.” 9-р сарын 23

           
Толстой энэ номоо хүн төрөлхтөнд зориулсан хамгийн чухаг хувь нэмэр нь гэж тооцдог байжээ. "Мэргэн ухааны хуанли" хэмээх энэхүү ном хувьсгалын өмнөх Орост их дэлгэрэн уншигддаг байсан ч Коммунизмын үед хориотой номын жагсаалтанд орон мартагдажээ.

Эх сурвалж: http://www.brainpickings.org/

3/17/2014

Pink floyd - Time (Цаг хугацаа) Жич: Би орчуулаагүй шүү


Хором мөчүүд хөвөрч гунигт өдрүүд үргэлжилсээр
Харин чи цаг хугацааг тоолгүй хий дэмий өнгөрүүлсээр
Хэсэгхэн газар эргэлдэж, хорвоогийн тоосыг хөдөлгөн
Хэн нэгнийг хүлээж, хэн нэгэнд найдсаар л
            Гэрлээс чи нуугдаж, сүүдэр лүү улам шигдсээр л
Гэтэл чамд туулах урт зам, цаг хугацаа байгаа 
Гэнэт чи 10 жил ард чинь хоцорсныг мэдэх болно
Гэвч хэн ч чамд юу алдсаныг чинь хэлж өгч чадахгүй
Тэр үед чи бүхнийг залруулахыг хичнээн хичээгээд ч нэмэргүй
Тэнгэр дэх нар аль хэдийнээ жаргасан байх болно
Нар дахин мандсан ч чи хөгширсөн байх болно
Нас чинь явж, үхэл рүүгээ ойртсон байх болно
            Хоног өдрүүд богиносож, бүх зүйл оройтсон байна
Хүсэж мөрөөдсөн бүхэн чинь ард хоцорч хөөс болон замхарна
Цаг дуусч, дуу минь төгсөж байна
Гэвч надад дахиад хэлэх зүйл үлдсэн
Дассан гэртээ би дахин ирж
Даарч ядарсан хүйтэн биеэ
Дулаан илчинд нь гэсгээн суух тавиланг
Дуртай үедээ эдлэхийг хүснэм
            Алс холын талбайн цаанаас
Алтан хонхны дуу цуурайтаж
Чин сүсэгтнүүдийн залбирлыг дуудаж
Чимээгүйн дундаас нам гүнийг эвдэнэм
                                                                                     Орчуулсан Г. Баяраа