Намайг
уучлаарай, гэхдээ би эзэн хаан болмооргүй байна. Тэр миний миний ажил биш. Би
хэнийг ч захирч, байлдан дагуулмааргүй байна. Би боломжтой бол хүн бүрт
тусалмаар байна, еврей, еврей биш, хар, цагаан ялгаагүй. Бид бүгд нэг нэгэндээ
туслахыг хүсдэг. Хүмүүс тийм байдаг. Бид бусдынхаа зовлонгоор биш жаргалаар
амьдрахыг хүсдэг. Бид нэгнийгээ үзэн ядаж, жигшиж зэвүүцэхийг хүсдэггүй. Энэ
дэлхийд хүн бүгдийг багтаах зай бий. Эх дэлхий маань баян, бүгдийг маань тэжээн
тэтгэж чадна. Амьдрал эрх чөлөөтэй, гоо үзэсгэлэнтэй байж болно, гэвч бид замаа
алдсан.
Шунал
хүний сэтгэлийг хордуулж, дэлхийг үзэн ядалтаар хашиж, биднийг зовлон зүдүүр,
цусан далай руу хөл тавиулан алхуулсан. Бид хөгжилд хүрсэн, гэвч өөрсдийгөө
хаагдмал болгосон. Элбэг дэлбэгийг өгсөн машин биднийг эрэлт хэрэгцээтэй болгож
орхисон. Бидний мэдлэг биднийг увайгүй болгосон. Бидний ухаан хатуу болоод
харгис. Бид хэтэрхий их боддог мөртлөө дэндүү багийг мэдэрдэг. Машинаас илүү
бидэнд хүнлэг сэтгэл хэрэгтэй. Хар ухаанаас илүү сайхан сэтгэл, нинжин сэтгэл
хэрэгтэй. Эдгээр чанаруудгүйгээр амьдрал догшин хэрцгий болж, бүх зүйл үгүй
болно...
Нисдэг
онгоц, радио биднийг ойртуулсан. Эдгээр бүтээлүүдийн үндсэн зорилго бол
хүмүүсийн сайхан сэтгэл, ертөнц дахины ахан дүүгийн барилдлага, бид бүхний нэгдлийн
дуу хоолой болох билээ. Яг одоо ч миний дуу хоолой дэлхий дахины сая сая
хүмүүс, тэднийг тамлан зовоодог, гэм зэмгүй ард олныг барьж хорьдог системийн
хохирогчид болсон сая сая цөхрөнгөө барсан эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд хүрч
байгаа.
Намайг
сонсож байгаа хүмүүст би битгий цөхөр гэж хэлэх байна. Одоо бидэнд нүүрлээд
байгаа зовлон бол шуналын түр зуурын үзэгдэл, хүн төрөлхтний дэвшлийн замаас
айдаг хүмүүсийн хорсол юм. Хүний үзэн ядалт дуусна, дарангуйлагчид үхнэ, тэдний
ард олноос булаасан эрх мэдэл ахин түмэн олонд шилжинэ. Хүн үхсээр байгаа цагт
эрх чөлөө хэзээ ч үгүй болохгүй...
Цэргүүд
ээ! Та нарыг дорд
үздэг, боолчилдог, та нарын амьдралыг үнэлдэггүй, та нарын юу хийхийг,
юу бодохыг, юу мэдрэхийг заадаг, та нарыг шатрын хүү шиг хөдөлгөдөг, та нарын хоолыг хасдаг,
та нартай мал лугаа үзэн харьцдаг, та нарыг дайны золиос болгон ашигладаг
харгис хэрцгий хүмүүст өөрсдийгөө битгий даатга! Өөрсдийгөө битгий энэ хүний ёсноос гажууд – машин оюун
ухаантай, машин зүрх сэтгэлтэй машин шиг хүмүүст битгий тушаа! Та нар машин биш! Та нар мал биш! Та нар бол хүн! Та нарын зүрх
сэтгэлд хүн төрөлхтний хайр бий!
Та нар үзэн яддаггүй!
Зөвхөн хайраар дутагсад үзэн яддаг юм- хайраар дутагсад, хүний ёсноос
гажууд хүмүүс үзэн яддаг юм!
Цэргүүд ээ! Боолчлолын
төлөө бүү тулалд! Эрх
чөлөөний төлөө тулалд!
Гэгээн
Люкийн 17-р бүлэгт “Бурхны хаант улс хүний дотор бий” гэж бичсэн байдаг- ганц
хүний биш, хэсэг бүлэг хүмүүсийн биш, харин бүх хүний дотор бий! Та нарын дотор
бий! Хүмүүс та
нар хүч чадалтай – машинуудыг бүтээх чадалтай. Хүмүүс та нарт аз жаргалыг бий болгох
чадал бий! Хүмүүс та
нарт энэ амьдралыг эрх чөлөөтэй, үзэсгэлэнтэй, гайхамшигтай адал
явдал болгох эрх мэдэл бий!
Тиймээс
ардчиллын нэрийн өмнөөс тэр хүч чадлаа ашиглацгаая, бүгдээрээ нэгдэн нийлье.
Шинэ ертөнцийн төлөө тулалдацгаая- хүмүүст ажиллах боломж олгодог, залуучуудад
ирээдүй, хөгшчүүлд аюулгүй байдлыг өгдөг сайхан ертөнцийн төлөө тулалдацгаая.
Харигслагчид эдгээр зүйлийг амлаж эрх мэдэлд хүрдэг. Гэвч тэд худлаа ярьдаг! Тэд амлалтаа
биелүүлдэггүй. Хэзээ ч биелүүлэхгүй!
Дарангуйлагчид
өөрсдийгөө чөлөөлж, харин ард түмнийг боолчилдог! Харин одоо бүгдээрээ тэр амлалтыг биелүүлэхийн төлөө
тулалдацгаая! Дэлхий
ертөнцийг чөлөөлөхийн төлөө тулалдацгаая үндэстний саад бэрхшээлийг үгүй
болгохын төлөө, шунал хүсэл, үзэн ядалт, эвлэршгүй байдлыг эцэс болгохын төлөө тэмцэцгээе. Ухаалаг дэлхий - шинжлэх ухаан, хөгжил дэвшил нь бүх хүмүүнийг аз
жаргалд хөтөлдөг дэлхийн төлөө тулалдацгаая. Цэргүүд ээ! Ардчиллын нэрийн өмнөөс
бүгдээрээ нэгдэцгээе!
No comments:
Post a Comment