3/05/2014

Миний тухай ном


Нэг ном шүүрч аваад унштал тэнд миний бага байхдаа дүүтэйгээ гэртээ цоожлогдоод, өдөржин хоёулаа цонхон дээрээ зогсдог  байсан тухай бичсэн байлаа. Үргэлжлүүлэн уншвал ээжтэйгээ цуг гудамжинд талх дамлан зарж байсан тухай, тээр нэг өвөл гал алдаад - аавтайгаа хамт цав цагаан тал дунд чарга чирээд Туул гол руу модонд явж байсныг өгүүлжээ. Бас саран дээрх дүрсийг туулай гэж боддог байсныг, хажуу цэргийн ангиас буудсан салютыг олж авахаар чавхадсаныг  - салют унасан газар нь бахардсаар очтол шатсан хар нүүрснээс өөр юм байгаагүйг бичсэн байлаа.
Цаашлаад эл номон дээр миний ямар гэнэхэн хонгороор дурлаж, асаж дүрэлзэн, шатаж дууссаныг зүрх базалтал бичжээ. Үүгээр зогсохгүй миний хүсэл, тачаалыг эрээ цээргүй, ичиж зовтол дэлгэсэн байх юм. Тэр бүү хэл миний нүгэл хилэнц, далдын далд өөрөөсөө ч нуух гэдэг нууцыг минь гасалж толгойгоо шаатал хайр найргүй нуршжээ. Номын үйл явдал өрнөсөөр, улам сонирхолтой болсоор, миний ямар мунхаг, ямар азтай, юун дээр алдсан, юун дээр оносныг минь нэгд нэгэнгүй тоочиж байлаа.  Миний  амьдралыг, гэр бүлийг, миний найзуудыг, миний ажлыг, миний амьдралд ороод гарсан хүмүүсийг, миний амьдралд байгаа бүхнийг; байхгүй бүхнийг, миний зүүдний тайллыг, миний үзэл бодлыг, миний хүсэл мөрөөдлийг, миний хувь тавиланг, миний жаргал зовлонг, миний яаж өтлөхийг, миний яаж үхэхийг хүртэл тэр ном надад ярьж өгөв.
Нэг ном аваад унштал, тэр номон дээр чиний тухай бүхнийг бичсэн байвал чи дуустал нь унших уу?” гэж нэг ийм асуулт олон нийтийн сүлжээгээр явж харагддаг. Хүмүүс доор нь уншина – уншаад ирээдүйгээ мэдэж амьдралаа залруулна, уншихгүй – уншчихвал хувь заяа минь эргэчихнэ гээд өөр өөрийнхөөрөө, янз бүрээр л хариу, сэтгэгдэл бичдэг.
Харин би “миний тухай бүхнийг бичсэн номыг" уншиж дуусгах уу? Үнэндээ ном бүр ямар нэг хэмжээгээр миний тухай байдаг, ном бүр тодорхой хэмжээгээр надтай холбоотой байдаг. Мөн чанар руу минь гүн орох тусам би тухайн номыг шунан дурлаж уншдаг. Тэд миний ямар гүехэн гэдгийг минь сануулж байдаг, тэд миний ямар гүнзгий болохыг мэдрүүлж байдаг. Тэгээд би дуустал нь уншдаг...


1 comment: