1/20/2015

Олж уншъя аа

“ГАЗРААС БИЕ МИНЬ ХӨНДИЙРӨХ ШИГ”
МЭДРЭМЖ...

Яруу найрагч байхын тулд чи “Болор цом” дээр дэвхцээд нэмэргүй, болор жүнзтэй халзагнаад нэмэргүй, болж өгвөл дарга даамал хийж даналзаад нэмэргүй… гэдгийг мэдэрсэн байх, хэний ч мэдрэшгүйг мэдэрч, илэрхийлэшгүйг илэрхийлэхийг л яруу найраг гэж мэдсэн байх. Магадгүй ээ, хаа нэгтээ, хэн нэг нь хэлчихсэн ч байж мэднэ, орчлон дэлхийн энэ олон найрагч... тэр олон хэлийг нь сурах биш, тийм олон ном уншиж завдах ч биш… гэхдээ би л лав анх удаа олж уншаад, олзуурхаж байна.

Овоолж бухалдсан өвсөн дээр тэнгэр ширтэн хэвтэхэд
охилох нүдний нулимсанд одод оч шиг бутран хөвнө.
Огторгуйд зурайх Сүүн замыг дагаад л яваад байвал
огт харж байгаагүй өвөө эмээтэйгээ уулздаг болов уу?
Ойрмогхон горхи хэлд орж буй хүүхэд шиг шулганана.

Үлгэр домогт итгэдэг уул хангайн хөвгүүн овоолсон бухал дээр од ширтээд хэвтэж байна. Үлгэр домогт итгэхээ больсон тэр цагаас хойш, тэр цэгээс нааш л хүн хүнээ больсон биз, өнөө бидний хайгаад байгаа “хүмүүн” гэх мөн чанараа хамт гээчихсэн биз. Тэгээд түүнийгээ нэг л их хэрэггүй юмаа хаяж гээж чадсан юм шиг, нэг л их “сүрхий амьтад” болцгоосон гэж бодоцгоосон байх. Өнөөдөр би л гэхэд үлгэр домогт үл итгэгч тэр “сүрхий амьтад” болцгоосон, сүргийн дунд явж байна, хав хачирхалтай нь. Шөнийн одод хүний нулимсанд оч болон бутардагт итгэхээ больё гэхэд “Сүүн замыг дагасаар яваад өвөө эмээтэйгээ уулзаж болно” гэдэгт би л лав итгэж байна. Коммунизм, капитализм хоёроос ч илүү итгэж байна. Аль ч орны сансрын нисэгчдийн олон түмнээс үхтэлээ нуудаг, онцгой дотно хүндээ л шивнэдэг нэг юм байдаг юм гэсэн. Сансрын таяг тойрогт нисэж явахад нь хэн нэгэн “Би чиний өвөө, эмээ, элэнц хуланц чинь байна аа, энд юугаа хийж яваа юм, бушуу түргэн харь” гэж шивнэдэг юм гэсэн. Би ямар тэр болгоныг нь нотолж чадах юм биш, тулгараад асуувал, “Би тийм юм сонсоогүй” гээд гөрдөж ч мэднэ. Нэр хүндээ бодож амьдардаг сансрын нисэгчдийг өрөвдөн ойлгож байна аа. Тэглээ гээд би үлгэр домогт итгэдгээ болих юм биш. “Үнэнд би итгэдэггүй, үлгэрт би итгэдэг” гээд хэлчихсэн удаа ч надад бий. Үлгэрийн эрин, сансрын эрин хоёрыг нийтгэсэн энэ бяцхан тавт шүлгийг л би ХИЯН шүлэг гээд байгаа юм шүү дээ. Тавт шүлэг гэснээс сүүлчийн тавдугаар мөр нь юу гэлээ “Ойрмогхон горхи хэлд орж буй хүүхэд шиг шулганана” гэл үү? За тэр шүү, өнөө “огт харж байгаагүй өвөө эмээ” нь од ширтэгчийн хажууд төөрсөөр яваад төрлөө олж ирээд төрчих шиг боллоо. Ийм л мэдрэмж төрөөд байх юм. Уул нь зүгээр л нэг байгалийн зураглал гэж бодсон юм сан, цаашаа задраад байгааг нь үзэхээр философийн шастир шиг…

Хуй салхины цөм дэх хөдөлгөөнгүй хоосон зай шиг
нүргээнт хотын дундах орон гэр минь анир чимээгүй,
хоосныг бясалгасан хуврагийн сэтгэл шиг амар амгалан.

Энд би цаг хугацаагаар аялж, эхлэл төгсгөлийг хардаг,
эхнэр минь хааяа дуудаж дэлгүүр лүү сүүнд явуулдаг,
/Хариултаа мартдагаа эс тооцвол энэ ажилдаа би дуртай/.

Цонхоор хүмүүсийн амьдрал сүүдэр ший шиг харагддаг,
цас, бороо орох нь цагны хуучин зай солих шиг санагддаг.

Энд бас ерийн ахуй, ер бишийн оршихуй хоёрыг хэрхэн нийтгэснийг үзье. Гадаад талдаа эрчлэн хуйлраад байгаа, хөнөөлийн луу мэт аюумшигт, хөөрхөн хүүхнүүдийн нэртэй, бас тэдэн шиг хөнөөлтэй их хар салхи, бидний танил хаврын хавсарганы хуй салхины аль алиных нь дотоод чанадад бараг үнэмлэхүй “хөдөлгөөнгүй хоосон зай шиг” юм оршдог гэсэн. Дотор нь орж, сууж үзсэн биш дээ, гэхдээ найрагч маань их хотын өр дундах өөрийн орон гэрийг, “цаг хугацаагаар аялж, эхлэл төгсгөлийг хардаг” бясалгагч бие, сэтгэлээ ийн зүйрлэж. Гэтэл үүнтэй яг зэрэгцээд “эхнэр нь дуудаж дэлгүүр лүү сүүнд явуулдаг, хариултаа мартдагаа эс тооцвол энэ ажилдаа дуртай” гэсэн тун эгэл борогжуун аж зуулга ана мана өрсөлдөн өрнөж байна. Бурханы шашин-гүн ухааны арван найман хоосны алийг нь хэлж байгаа юм, эсвэл хоосны хоосныг хэлж байгаа юм уу, “хүмүүсийн амьдрал сүүдэр ший шиг харагддаг” гэхээр чинь?… “цас, бороо орох нь цагны хуучин зай солих шиг” гэхлээр чинь байгаль, технологи хоёр байр байраа бас солих нь уу, яах нь вэ. Ер нь Нямдоржийн (Нямбуугийн гэж андуурдаг улс болиорой!) шүлэг хэт богино “долгионых” атлаа, хэт холын тусгалтай.

Тал нутгийн эрх чөлөөт салхин дууг энд
тариачин өвгөд эв хавгүйхэн аялж сууна.
Хязгааргүй талд хадаг шиг намирдаг аялгуу
хяслант хоригдол мэт хэд холхиод замхарна.

Тавцан мэт зассан цардмал чулуун гудамжаар
тахтай морьд толгой дохин зөрж өнгөрцгөөнө.
Тоймгүй олон эдгээр морьдыг тогтоож харвал
толгой нь луус, бие нь хүн, нүд нь цөөврийнх.

Энд дэлхийд байдаг хоёрхон тэс ондоо соёл иргэншлийг хэрхэн нэг дор байршуулсныг нүдээр үзэж, чихээр сонсож, хүртэхүйгээр мэдэрч болно. Нүүдэл иргэншлийн “эрх чөлөөт салхин дууг...” суурьшмал иргэншилт “тариачин өвгөд эв хавгүйхэн аялж”, нүүдэл иргэншлийн “хязгааргүй талд хадаг шиг намирдаг аялгуу...” суурьшмал иргэншлийн цардмал чулуун гудамжинд “хяслант хоригдол мэт хэд холхиод замхарч” байна. Тэр чулуун гудамжаар “тахтай морьд толгой дохин зөрж” байгаа нь их л эелдэгхэн атлаа заримдаг амьтан, зэрэмдэг хүний байдалтай. Учир нь эдгээр морьдыг тогтоож харвал “толгой нь луус, бие нь хүн, нүд нь цөөврийнх” гэхэд бие зарсхийх шиг болно. Бут бургаснаас үргэж, газрын үндэс үнэрлэн нутаг ус, нуган ижлээ зорин гүйдэг монгол морьдтой харьцуулахаар... Цог төгөлдөр охин тэнгэр (Балдан Лхамо бурхан)-ийн хөрөгт байдаг хонгор халзан луус шиг уран хайчин чих, урлаг сормуус, уриа дунгийн хамартай, гоолиг залуу эрийн адил гулзалзсан сайхан биетэй боловч гуринхалсан “цөөврийн нүдтэй” нь ийнхүү сочооно. Бид иймэрхүү нэгэн “хоёрдогч байгалийг” бүтээж. Энэ бол заримдаг амьтан, зэрэмдэг хүн аль аль нь мөн. Бид ч өөрсдөө бас... Косметик хагалгааг ч хэлээд байгаа юм биш, тархин дотор өвтгөлгүй хийдэг (тэр ч байтугай, өдөр шөнөгүй цэнгүүлэн хийдэг) мэс ажилбарыг л хэлээд байна. Нямдоржийн (Нямбуугийн гэж андуурдаг улс болиорой!) “Хараацай” түүвэрт буй хамгийн их гайхшируулсан ХИЯН шүлэг доор байна.

Үгс хэлэгдэхээсээ өмнө хаа нэгтээ хэлэгдчихсэн байдгийг,
үнэн гэдэг үй түм байж болдгийг, худлын сүүдэр болохыг,
үс зүрхнээс ургадаг гэдгийг, зүрх сэтгэлийн үс болохыг
би чамд хэлэх үү, байх уу?

Үзэсгэлэн гэдэг харааны гажиг болохыг, үүрд үлддэгийг,
үхэл хөгжил гэдгийг, хөшигний цаана хэн ч байхгүйг,
үйлд төгсгөл үгүйг, өнгөрсөн цаг л гэж байдгийг
би чамд хэлэх үү, байх уу?

Хүн загаснаас үүссэнийг, загас л энэ тухай мэддэг гэдгийг,
хүйс гэж хайр сэтгэлд байдаггүйг, хайр хүсэл болохыг,
хүсэл чулуунд хүртэл байдгийг, чулуу амьсгалдгийг
би чамд хэлэх үү, байх уу?

“Бүхнээс өмнө үг л байсан” гэж эхэлдэг Библийн сургаал мэдээж биш, яруу найрагчийн өөрөө “бишилган” олсон бодгаль нээлт гэхэд юу нь болохгүй гэж. Энэ хорвоогийн цор ганц ухаантай нь Библи юм уу... Миний шавь нартаа олонтаа хэлдэг, байгалийн ухааны үнэн гагц байж болдог бол соёл хүмүүнлэгийн ухаанд үнэн өч төчнөөн байж болдог тухай санаа ч биш бөгөөд үнэн заримдаа худлын сүүдэр болдог нь л түүний бодгаль нээлт. Бидний амьдарч үзсэн, үзээгүй янз бүрийн нийгэмд ийм л байдаг, үүнд нь хэн ч гайхахаа болих гээд байдаг. Хамаг гайхшируулаад, сэтгэл татаад байгаа нь “...би чамд хэлэх үү, байх уу?” гэдэг нууцлагхан эргэлзсэн, яруухан асуулт болой. Учир нь “үс зүрхнээс ургадаг гэдэг, зүрх сэтгэлийн үс болох” гэхчлэнгийн аазгайтай мэдрэмж өдөөсөн энэ бүх бодомж бүгд солиотой боловч бүгд үнэн гэдэгт л хэргийн эгзэг оршино. Дурласан хүний нүд тэртэй тэргүй гажигтай байдаг, гажигтай болдог, гаж юмыг ч үзэсгэлэн болгодог дээрээс “түүний юунд нь болсон юм бол” гэж гажиггүй нь гайхширцгаадаг, би ч адил, миний хайрт ч адил, энэ нь харин үүрдийнх байдаг. Үүнтэй адил хөгжил бол тэртэй тэргүй сайн дурын, сайхан үхэл болохоор бид шунаглан тэмүүлдэг, тэгээд ч ягуухнаар, сайхнаар үхэцгээж байгаагаа ямар мэдэх юм биш... Ингэж хэлснийг минь л үзэн ядахаас цааш өөр юмгүй. Тэртэй тэргүй “хөшигний цаана хэн ч байхгүй”. Өнөөдрөөрөө, одоогоороо амьдардаг, ингэж амьдар гэж ятгадаг хүн сүргийн хувьд “үйлд төгсгөл үгүйг, өнгөрсөн цаг л гэж байдгийг” номлоод нэмэргүй, тэгэхээр хэлээд ч нэмэргүй. “Хүн загаснаас үүссэн” гэдэг гагц үнэнийг “загас л энэ тухай мэддэг” олон үнэн болгоод, нэгэн бадаг шадын доторх бэлчирлүүлэх давтлаар зулзагалуулж, “хүйс гэж хайр сэтгэлд байдаггүйг, хайр хүсэл болохыг” бас ямар их зовлон болохыг “хүсэл чулуунд хүртэл байдгийг, чулуу амьсгалдгийг” цаадуул чинь мэдтэлээ, мэдэртлээ өдий ч хэвтэнэ, тийм болохоор чиний зовж шаналах чинь огтоос илүүц.

Нүдээ анихад, аниатай нүдэнд
нүргэлэн давалгаалах далайн дунд
аяншиж ядарсан цахлай
аварга халимын нуруун дээр
амсхийн суух үзэгдэнэ.

Аньсан нүдээ нээхэд, нээлттэй нүдэнд
амгалан долгилох далайн дунд
амарч тэнхэрсэн цахлай
аварга халимыг зуун
авч нисэхийг оролдоно.

Ахиад нүдээ анихад, аниатай нүдэнд
амгалан далай ч үгүй, цахлай ч үгүй...

Гол учир нь амьдрал өөрөө ийм их хуйхар харгис, далайн тэртээх махчин цахлай нуруун дээр нь амсхийсэн аварга халимаа зууж эрэг дээр гаргаад зооглочих санаа бий. “Муу нохойн санаа хамгийн цаад талын гөрөөсөнд” гэдэг шиг. Үүнийг зогсоох хүчтэн байдаг үгүйг бүү мэд. Будда, Есүс, Мухаммед тэргүүтэн хэчнээн зуунаар ч хичээн оролдож байна вэ дээ... Ахиц дөхөц тийм ч их биш санагдах юм, миний л алдаа байгаасай. Угтаа бидний амьдрал өглөө үдшийг нь оруулаад, үхэх төрөхийг нь оруулаад, нүдээ нээгээд аних зуурын, аниад нээх зуурын л цаг хугацаа, хоосны хоосон юм шүү дээ. Тийм байхад “халим зууж эрэг дээр гаргаад” юү гэх вэ л санагдах юм. Бас л миний алдаа байгаасай.
Төгсгөлд нь ХИЯН шүлэг тэрлэгч шавь чамдаа илгээх хэдэн зурвас үг байх юм. Мөнгө, технологи хоёр яруу найргийг мэрж идсэн цаг үед төрсөн чинь хяслантай ч, янгинамал төмөржин эринийг сөрөн яруу найраг бичих гэж мэтгэх чинь буруугүй ч, яруу найргийг, яруу найраг бичдэг хэлийг мөхөөх, яруу найрагчаар заяасан бодгалийг мохоох “загалмайтны аян дайн” аль дивангарт эхэлсэн болохыг битгий мартаарай. Шүлэг бичих нь шүлс хаяхын чинээ үнэгүй болсон ч бийрээ бүү тавиарай, бэхээ улам л зуураарай. Салхин тээрэмтэй тулалдагч Кихот ноён шиг харагдавч цаас үзгээ бүү салгаарай. Яагаад гэвэл чиний шүлгийг уншихад газраас бие минь хөндийрөх шиг мэдрэмж төрдөг. Энэ нь хоёрхон хүний асуудал ч байж магадгүй. Тэглээ гээд цөөдөхгүй, тийм л байгаа биз, түүнээс долоон дор юм орчлонгоор дүүрэн байна...

“Багш” хэмээгдэгч С.Дулам

2014.12.16

No comments:

Post a Comment