Хэрэв зээ үг хэл байхгүй
байсан бол гээд та төсөө л дөө? Би энэхүү санааг танд яаж дамжуулж, та хэрхэн
намайг ойлгох байсан юм бол? За, энэ “хэл”, “санаа” гэсэн хийсвэр ухагдахууныг
больё л доо, би яаж, тэнгэр газар, хээр тал, уул ус гэсэн бодит ухагдахууныг
таны бодол санаанд үүсгэх вэ? Хүртэхүйн эрхтнүүдээр танин мэдсэн мэдэгдэхүүнээ
ухагдахуун болгон нэрлэж хэл яриа үүсэн нь хүний нийгмийн харилцааны “үр
хөврөл” болсон билээ. Нүдээ аньсан байсан ч, “Тэнгэр газар, хээр тал, уул ус”
гэсэн үгсийг сонсмогц таны сэтгэлд эл зүйлс ургаад ирж байгаа биз? Энэ мэтчилэн
бид нүдээрээ харснаа үг хэлээр дамжуулан оюун ухаандаа хардаг. Нэг үгээр хэлбэл хэл гэдэг
бидний оюун ухааны нүд болж таарах нь (Тэгэхээр ном уншина гэдэг оюуны мэлмийгээр ээ ертөнцийг тольдоно гэсэн үг байх нь). Хэрэв үг хэл байгаагүй бол эгээ л
сохор хүн энэ хорвоо ертөнцийг хардаггүйн адилаар бидний дотор харанхуй байх
байж. Чингэхлээр хэл бидний сэтгэхүйн угтвар нөхцөл болж байна. Хэл
шинжлэлээр бол хэл сэтгэхүй хоёр холбоотой гэж үздэг нь энэ байх. Үг хэлээр
дамжуулагдаж буй ухагдахууныг ухамсарлаж чаддаг нь биднийг танин мэдэх, сэтгэх
чадвартай болгодог. Сэтгэх чадвар нь биднийг хүн болгодог.
Тэгвэл дэлхийн долоон тэр бум хүнээс чухам юу биднийг
монгол хүн болгож байгаа нь дээрх гаргалгаанаас тунгаавал ойлгомжтой: энэ бол
монгол сэтгэхүй; харин монгол сэтгэхүйн угтвар нөхцөл нь монгол хэл болж таарч
байна. Үлгэрлэвэл: Гэр, тулга, тооно, ааруул, борц, айраг гэх мэт эдгээр үг,
бидний монгол сэтгэхүйн биелэл буюу соёлыг(Ямар сайндаа л хэл соёл
гэж хорших вэ дээ) амьд байлгагч “цус” болсон Монгол хэлнээс маань өөр ямар хэлэнд
“цагаан эс” болон байж байдаг билээ? Гэтэл өнөөдөр даяарчлал хэмээх тэргүүлэх
орнуудын хэл, соёлын колоничлол нь “халдварт өвчин” болоод, манай соёлын “цусны
цагаан эсүүд”-ийг маш эрчимтэй устгаж, бүр “улаан эсүүд”-ийг
дарангуйлах болсоор уджээ. Та, юун цусны улаан, цагаан эс болоод явчхав аа гэж
бодож байж магадгүй юм, тэгвэл би ахин нэг, гэхдээ практик жишээ болгон нэгэн
түүхийг өгүүлье: Хибру өөрөөр иврит(ариун хэл гэсэн үг) буюу
еврей хэл нь Иудаизмын шашны ёслолын хэл бөгөөд ихэнх Иудаизмын шүн(гол судар-библи) энэ хэл дээр бичигдэж, еврей израильчууд болон тэдний өвөг
дээдсийн хэл гэгдэн олон зууны турш еврей хүмүүсийн өдөр тутмын хэл байв. МЭӨ
587 онд Вавилоны эзэнт гүрэн Еврейн Өмнөд Хаант Улс Иудейг эзлэн авч
элит хэсгийг нь Вавилон уруу цөлснөөр жүүдүүдийн диаспор буюу еврейн цагаачлал
эхэлсэн байна. Энэ цагаачлалын үр дүнд Арамей хэл еврей хэлэнд орж, Иудейн ярианы хэл болон хэрэглэгдэх болжээ. Ингэснээр еврей хэлээр
ярих хүн өдөр өдрөөр цөөрч, еврей хэлийг шашны номд сурах зорилгоор л ашиглах
болж. МЭ 2-р зуунаас, Ромын дарлалын үеэр аймаглан устгах явдал, Христийн
шашны хавчлагаас болон еврейн цагаачлал улам эрчимжиж, Израильд маш цөөхөн
еврейчүүд үлдэн, бусад нь дүрвэн цагаачилж, дэвэн дэлхийгээр нэг таран одов.
Түүнээс хойш Израилийн нутагт олон улс дайн дажин үймээн самуун хийж, МЭ 527
оноос Византийн эзэн хаан Юстиниан жүүдүүдийг үнэн алдартан христчүүдээр
захируулж, дараа нь арабууд эзлэн авч 1516 он хүртэл байсан бөгөөд түүний
дараагаар Оттоманы Эзэнт Гүрэн 20-р зууныг хүртэл ноёрхжээ.
Дэлхийгээр тархсан еврейчүүд олон зуун жил тухайн
цагаачилж очсон орныхоо хэлээр ярьж байжээ. Ийнхүү 16
зууны турш
еврей хэл бараг зөвхөн шашны ёслол зан үйлийн хэлээр хэрэглэгдэж, Иудиазмын
шашны ихэнх ном еврей хэл дээр бичигдсэний хувиар маш цөөхөн хүн еврейгээр
ярьдаг байв. Түүхэн хуудас эргэж 1880-аад онд сионозм буюу
еврейчүүд Израиль нутаг уруугаа буцаж еврейн улсыг байгуулах хөдөлгөөн өрнөсөн байна.
Палестинд Еврейн улс байгуулах энэхүү эх оронч, улс төрийн, үндэстнээ сэргээх
хөдөлгөөний нэг тулгын чулуу нь еврей хэлийг ахин сэргээж шинэ үндэстнийг нэг
улс, нэг туг, нэг хэл дор нэгтгэх байж.
Еврей эх хэлээ сэргээх энэхүү агуу эх оронч үйл хэрэгт, 1881 онд
Палестинд очсон Элиэзер Бен-Иехуда хэмээх еврейн бичгийн их хүн бусад хэл
шинжлэлийн эрдэмтдээ оройлон зүтгэв. Еврей хэлийг сэргээх үйл явц 19-р
зууны сүүлч, 20-р зууны эхэн хагаст Европ, Палестинд зэрэг өрнөж, Иудаизмын ариун
хэл еврейн бичгийн болон ярианы хэл, Израилийн өдөр тутмын хэл болон
өөрчлөгджээ. Энэ үйл явц нь анх 19-р зууны эхний хагаст
Еврейчүүд Палестин уруу цагаачлах болсноор эхэлж анхандаа еврей хэл дэлхийн
өнцөг булан бүрээс цугласан, өөр өөр төрөлх хэлтэй еврейчүүдийн харилцах гүүр
болон ашиглагдаж байв. Гэсэн хэдий ч үүний зэрэгцээ Европт Еврейн хэлийг
ерөнхийдөө шашны зан үйл, ёслолын ариун хэлнээс бичгийн хэл болгон хөгжүүлэн
боловсруулж, хожим энэ нь үндэсний боловсролын хөтөлбөрийг хөгжүүлэхэд гол
үүрэг гүйцэтгэжээ. Еврей хэлийг буцаан өдөр тутмын хэрэглээнд оруулах үйл явц
онцгой явдал байсан нь: эх хэлийг ямар ч төрөлх хэлтэнгүйгээр хожмын олон сая
төрөлх хэлтэнд эзэмшүүлсэн жишээ өөр дэлхийн түүхэнд байхгүй бөгөөд эртний ариун хэлийг
улсаараа нийлж үндэсний хэл болгосон түүх ч байдаггүй юм байна.
Тийнхүү олон эрдэмтэн, хэл судлаачдын цөхрөлтгүй
оролдлого, ард олныхоо нэгэн үзүүрт сэтгэлийн үр дүнд Израиль улс еврей хэлийг ахин нийтийн
хэрэглээнд оруулж чаджээ. Олон еврей Израильд нүүн ирж амьдарч, еврей хэлийг
идэвхтэй сурч, бүх нийтээрээ еврей хэлээрээ харилцдаг болсон байна. Израильд олон
үгийг Англи, Франц, Герман, Орос хэлнээс еврей уруу орчуулж, Хуучин Гэрээн дэх
олон үг еврей хэлэнд маш их агуулгыг нэмж өгөв. Ийнхүү еврейчүүд хэл соёлоо
мандуулан, төр улсаа байгуулж, хэлний шинэ статустайгаар 1948
онд Израйль улс тусгаар тогтнолоо зарлажээ.
Чингэж еврейчүүд цэрэг зэвсгийн хүчээр биш, технологийн
хүчээр биш, еврей ухаанаар улсаа байгуулсан юм. Еврейн ухаан буюу
сэтгэхүйгээрээ байгуулсан. Еврей ухаан, сэтгэхүй гэж өөрөө юу юм бэ? Энэ бол
еврей соёл. Еврейн соёл гэдэг өөрөө юу юм бэ? Еврейн соёл гэж еврейн шашин
юм. Еврейн шашин гэж юу юм бэ? Еврейн шашин гэж еврей хэл дээр бичигдсэн Хуучин
гэрээ гэгддэг, "Танах", "Талмуд" шүнгүүд буюу еврей Библи юм. Хүн хүсвэл
еврей болж болно. Ингэхийн тулд та Иудаизм буюу еврейн шашинд орох ёстой.
Ингэснээр та еврей сэтгэхүйтэй болж байгаа юм. Еврей сэтгэхүйтэй хүн еврей хүн
болж таарна биз. Иудаизмын шашинд орсон хүнийг еврейчүүд үндэстэн, ястан үл
хамааран еврей хүнд тооцдог. Учир ийм л юм. Би анти-семит үзэлтэн биш л дээ.
Арван жилд нэг багш маань “Улс орныг эзлэх гурван арга
байдаг нь хил, хэл(соёл), шашин(бас л нэг соёлын хэлбэр) гэж хэлж байсан нь” ямар
үнэн үг байж вэ. Хүчирхэгжсэн улс бүр байлдан дагуулалт хийж, колоничлол
явуулдаг нь өөрөө дэлхийн түүх юм шиг байгаа юм. Өнөө үед зэр зэвсгээр
түрэмгийлж, колоничлох нь хоцрогдож хэл, соёлоор довтлон колоничилдог болсныг
бид Америк, Солонгосын жишээгээр бэлхнээ харж байна. Тэгэхээр энэ түрэмгийлэл,
колоничлолтой тэмцэж тусгаар тогтнолоо авч үлдэхийн төлөөх тэмцлийн эн
тэргүүний фронт нь сэтгэхүй-соёл уламжлалыг маань тээгч эх хэл маань болж “таарлаав шүү”.
“Таарлаав шүү” ч гэж үүнийг, Монгол улс тусгаар тогтнолоо зарлаж гадаад улсад
нээлттэй болох тэр үед л, улс орон өөр маягаар бас дарлагдаж болдгийг билгүүн номч Б.
Ринчен тэргүүтэй бичгийн их мэргэд маань анхааруулан хэлж байжээ.
Этгээд хэл
Үг нь монгол, өгүүлбэр нь орос
Үзэхэд
этгээд сонин хэл.
Өв
соёлоон үл тоомсорлон
Өнөөгийн
байдал ийм болов
Зуун
түмэн үгтэй хэлд
Зуд
туссаныг үнэмшихүйеэ бэрх
Харийн
үгээр далайлгагсдыг
Хамгийн
боловсорсон гэхэд бэрх
Гадаадын
үгээр гайхуулагчдыг
Гарамгай
эрдэмтэн гэхэд бэрх
Хэвлэл
сонин уншсан үдэшдээ
Хэлний
шинжлэлтний нойр хулжаад
Хэвтэвч
сэтгэлд эвгүй үг
Хэнхдэг
дээр чулуу дарах мэт.
Харь
үгийн бүлхэнд хахаж
Харанхуй шөнө хар дарах
мэт
No comments:
Post a Comment