Орчуулагчийн
өмнөтгөл
"Мэргэн ухааны хуанли"-ийг төөрөлдсөн, зовсон хүж дэлхийд
Толстойн захисан эцсийн захиас, гэрээслэл хэмээн ойлгож болох юм. Учир нь
энэхүү ном зохиолчийн хамгийн сүүлчийн томоохон бүтээл байсан бөгөөд тэрээр
ертөнцийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө буюу 1904-1910 оны хооронд гурван ч
хувилбар гаргаснаас хоёрдох нь энэхүү ном билээ. “Мэргэн ухааны хуанли”-ийн нөгөө хоёр хувилбараасаа ялгарах
онцлог гэвэл энэхүү номд орсон бодол санаа бүрийг Толстой, сүсэг бишрэл, итгэл
үнэмшил, хайр энэрэл, ёс суртахуун, эрдэм мэдлэг, гэгээрэл, эрх чөлөө, урлаг, шинжлэх ухаан, хууль ёс, ажил
хөдөлмөр, эд хөрөнгө, хүсэл шунал, хуял тачаал, зовлон жаргал, төрөх үхэх орчлон хорвоогийн жам ёс гэх мэтчилэн
хүмүүний ухамсар, оюун ухаан, зүрх сэтгэл хийгээд ахуй амьдрал, нийгмийн
хүрээний бүхий л асуудлыг хөндөн, тодорхой нэг сэдвийн дагуу хуанлийн өдөр
бүрээр ангилж эмхтгэсэн явдал юм.
Анх энэхүү номын санаа Толстойд 1884 онд төрсөн бөгөөд түүний гол зорилго
бол бүх дэлхийн, бүх цаг үеийн мэргэн ухааныг нэгэн номд хурааж, аль болох олон
хүнд хүргэх байв. Ийнхүү Толстой дараагийн 17 жил тэдгээр цэцэн мэргэн ухааны
хэсгүүдийг цуглуулахад зарцуулж, номоо 1902 оны 12-р сараас 1903 оны 1-р сарын
хооронд бичиж, эмхтгэн, эхний хувилбар “Мэргэдийн бодол санаа” гэдэг нэртэйгээр
1904 онд гарсан бол, баяжуулсан, хянан сайжруулсан хоёр дахь хувилбар
"Мэргэн ухааны хуанли" 1905 онд, хялбаршуулсан гурав дахь
хувилбар 1910 онд
"Амьдралын харгуй" гэдэг нэртэйгээр тус тус хэвлэгджээ. 1905 оны 8-р сарын дундуур тэрээр
"Мэргэн ухааны хуанли"-ийн өмнөх үгийг биччихээд, өдрийн
тэмдэглэлдээ ийн тэмдэглэжээ: “Би “Хуанли”-гаа ахин засварлаж, баяжууллаа, одоо
хоёр дахин том болсон. Хоёр сарын турш би өөр юу ч уншсангүй, сонин ч тэр,
сэтгүүлч тэр, надад маш сайхан байсан... Мунхаг харанхуй намайг улам улам ихээр
гайхшруулах боллоо, ялангуяа манай нийгмийн соёлын болоод ёс суртахууны мунхаг…
Манай бүх боловсрол бидний өвөг дээдсийн, дэлхийн хамгийн шилдэг сэтгэгчдийн
соёлын өвийн хуримтлал руу чиглэх хэрэгтэй”. Энэ ч утгаараа Толстой энэ номд
хувь оруулагчдыг, найз нөхдөдөө хэлж байсан ёсоороо, янз бүрийн гүн ухааны үзэл
санаа, соёл уламжлал, түүхэн үеийг төлөөлөх “хамгийн суут сэтгэгчдийн дундаас”
няхуур сонгожээ. Энэ тухайгаа Толстой бичихдээ: “Уншигчид мэл гайхаж, цэл
хөхрөх болно” гээд “Миний номоос Кант болон бусад алдартай сэтгэгчдийн дунд
Америкийн Нэгдсэн Улсын Орегон мужийн хэний ч үл таних сэтгүүлч Люси Мэлоригийн
бодол санаа байхыг тэд олж үзнэ” гэснийг, мөн энэ номд Америкийн уугуул Сак
индиан омгийн толгойлогч Хар Харцагаас хүртэл иш татсаныг үзвэл Толстой энэхүү
номыг бүтээхийн тулд ямархан өргөн цар хүрээтэй уншлага хийсэн нь харагдана.
Мөн энэ номд Толстойн олон жилийн эргэцүүлэл бясалгалынхаа турш бичсэн болоод
өдрийн тэмдэглэлээсээ авсан, өөрийнх нь найман зуу орчим бодол санаа орсон
бөгөөд тэрээр ерөнхийдөө өдөр бүрийг өөрийн бодол санаагаар эхлээд, дараагаар
нь бусад эх сурвалжийн ишлэлүүдийг нэмээд, эцэст нь өөрийн гаргалгаар
төгсгөжээ. Номоо хамгийн өргөн хүртээмжтэй байлгахын үүднээс, хамгийн эгэл,
хамгийн боловсрол багатай ард олон - тариачид, хүүхдүүдэд зориулан ойлгоход
хялбар болгохын тулд тэрээр хэлбэрийн энгийнийг, утгын гүнтэй хослуулсан байна.
Энэ номтой холбоотой бас нэг баримт гэвэл Толстой долоо хоног бүрийн төгсгөлд
зориулж гурваас арван хуудастай нэг нэг богино өгүүллэг буюу уран зохиолын
шигтгээ бичжээ. Өгүүллэг бүр тухайн долоо хоногийн ёс суртахууны, гүн ухааны,
эсхүл шашны сэдэвтэй уялдаатай бөгөөд тэрээр нийтдээ 52 өгүүллэг бэлдээд, “Ням
гарагийн уншлагын түүхүүд” хэмээн нэрийдсэн байна. Тэдгээр 52 өгүүллэгийн олонхы нь Толстой
энэхүү бүтээлд зориулж өөрөө бичсэн бөгөөд үлдсэнийг нь Платон, Будда,
Достоевский, Паскаль, Лесков, Чехов нарын зохиол бүтээлээс сонгож, хялбаршуулан
өөрчилжээ. Тэдгээр "Ням гарагийн уншлагын түүхүүд" дэх Толстойн
хүүрнэлийн хэв маяг түүний өмнөх томоохон романууд болох “Дайн ба энх”, “Анна
Каренина”, “Сэхээрэлт”-ээс ихээхэн өөр юм. Хожим нь Пастернак,
Солженицын нарт ихэд
бишрэгдсэн тэдгээр өгүүллэгүүд нь өргөн олонд зориулагдсан болохоор тодорхой,
энгийн, бараг л ярианы хэлээр шахуу бичигджээ. Харамсалтай нь нийтдээ зэгсэн
урт болохоор эл өгүүллэгүүд нь номын аль ч хувилбарт ороогүй байна.
Энэхүү ном Орост өргөн дэлгэр уншигддаг байсан авч 1917 оны Октябрийн
хувьсгалын дараагаар, оюун санааны чиг баримтлал, олон тооны шашны ишлэлээс нь
болоод Зөвлөлт засгийн газар уг номыг хэвлэхийг хоригложээ. Харин ардчилсан
шинэчлэлийн дараагаар, 1995 онд, “Мэргэн ухааны хуанли” ахин хэвлэгдэж, тухайн
үедээ үлэмж амжилт 300,000 хувь зарагдаж шилдэг борлуулалттай ном болж байжээ.
"Мэргэн ухааны хуанли" хэвлэгдсэнээсээ хойш, мөн зохиолчийн сүүлчийн
он жилүүдэд буюу 1905-1910 онуудад Толстойн өөрийнх нь хамгийн дуртай,
ширээний ном байж. Энэ тухайгаа Толстой өдрийн тэмдэглэлдээ “Өдөр бүр дэлхийн
хамгийн цэцэн мэргэн хүмүүстэй холбогдохоос илүү эрхэм зүйл юу байна аа?”
хэмээн тэмдэглэжээ. Энэ ч ёсоороо тэрээр номдоо орсон бодол санааг жилийн
тухайн өдрийнх нь дагуу уншдаг байсан бөгөөд бүх найз нөхдөдөө тэрчлэн заншихыг
зөвлөсөн байна. 1908 оны 5-р сарын 16-ны өдөр, тэрээр Гусев хэмээх хүнд: “Зарим хүмүүс яаж,
дэлхий дээр амьдарч байсан хамгийн ухаантай хүмүүстэй холбогдолгүйгээр амьдарч
чаддагийг би ойлгохгүй нь. … Би өдөр бүр маш аз жаргалтай байна, учир нь би энэ
номыг уншдаг” хэмээн бичжээ.
No comments:
Post a Comment