Амьдрал
гэж юу вэ? Үхэл гэж юу вэ? Бурхан гэж байдаг юм уу? Ямар нь зовоод байгаа юм
бэ? Ямар нь жаргадаг юм бэ?
Сарын
өмнө манайд хөдөөнөөс үеэл эгч минь ирлээ. Ходоод нь өвдөөд - аймгийн эмнэлэг хавдар
байж магадгүй гээд наашаа явуулсан гэнэ. Ингээд Хавдар Судлалын Үндэсний Төвд
үзүүлтэл хорт хавдар болж таарлаа. Эмч нарын зөвлөгөөний хурлаар ороод мэс
засалд орохоор болов. Тэгэхэд нь эгч сайн өдрөө оръё гээд эмч нарын товлосон
өдрийг хэд хоногоор хойшлуулан, Цагаан Сарын дараа орохоор боллоо.
Энэ
хугацаанд юм юм л болов: нутгийнхаа нэг мэргэн түргэн хүнийг дуудаж үзүүлэв; Гандан хийд оров
– ном уншуулав; аргалдаг
чаргалдаг гэдэг лам дээр очив;
бөө дээр ч очно л гэнэ (нөгөөдүүл
нь босоод ирнэ, амь насанд аюулгүй хэмээгээд сахиусандаа даатгаж авсан гэж
байгаа); ходоодонд
сайн гээд шар шувууны мах иднэ л гэнэ
(хоол орохгүй болсон ходоодтой байж шүү). Өөрөөр хэлбэл биеийн зовлон дээрээ нэмэрлэж сэтгэлээрээ баахан тоглуулав.
Ингээд
шийдвэрлэх өдөр - мэс засалдаа оров. Эмч нар цээжийг нь зүсэж задлаад,
буцаагаад оёв – хавдар нь газар аван үсэрхийлээд найдваргүй болсон, үсрээд л
зургаан сарын настай гэж хэлэв. Амьдрал гэж энэ, үхэл гэж энэ,
зовлон гэж ийм. Харин хөөрхий эгч минь бурхан гэж мэдэхгүй, яагаад зовж
байгаагаа мэдэхгүй, яаж жаргаснаа мэдэхгүй. Орост сургууль төгсөж ирээд, хүний
эхнэр болж - амьдрал зохиогоод, гурван хүүхэд өсгөж өндийлгөсөн хорхойд ч
хоргүй, эгэл жирийн малчин хүн.
Багадаа намайг нэг удаа ганцаараа хөдөө очиж, гэрт нь амрахад орой болгон
миний хүссэн хоолыг хийж өгч байж билээ.
Өвдсөнөөсөө
нь хойш эгч маань айж байна - өвчин эгчийг ”огт өөр нэг газар” аваачсан. Хэдий
гэр бүл, хамаатан садан нь өөртэй нь хэзээ хэзээнийхээсээ илүү ойр байгаа ч,
эгч цаг үргэлж “тэр нэг газар”, биднээс алс хол байсаар л байна. “Огтхон ч
мэдэхгүй, үзээгүй газар” цор ганцаараа байгаа болохоор үргэлж айдастай,
эгээ л жаахан хүүхэд – аав эсвэл ээжтэйгээ нь танихгүй айлд оччихоод, өөрийг нь
орхиод явчих вий гэж эмээхдээ эцэг эхийгээ хаалга руу зүглэх бүрийд сандчин
бачимддаг шиг. Гэтэл тэр айсан жаахан хүүхдээс бусад нь түүнийг эцэг эх нь
танихгүй айлд орхиод явахгүй, үлдээгээд явсан ч эргэж ирж авна гэдгийг мэдэж
байдаг. Хүүхэд ганцаараа л мэддэггүй, ээж аав нь явах гээгүй ээ гэж хэлсэн ч
итгэдэггүй, учир мэдэхгүй болохоороо сэтгэл нь төвдөн шаналж уйлдаг (Энэ адилтгал
дэндүү хөнгөднө л дөө).
Зовлонгийн нүүрэн дээр бид бүгд л ийм байдалд ордог - учир мэдэхгүй болохоороо
зовцгоодог. Нэг үгээр хэлбэл учир шалтгааныг мэдэхгүй байгаагийн айдас бидний
сэтгэлийг юу юунаас илүү тамлан зовоодог.
Одоо
эгчийг минь хэн ч аварч чадашгүй: энэ дэлхийн хамгийн шилдэг эмч нар, Билл
Гейтсийн бүх мөнгө, Оросын “Зөн билгийн тулаан”-ны шилдэг оролцогчид, 14-р
Далай лам, 266 дахь Пап лам, бурхан өөрөө заларч ирээд ч тогтоож хүчирэхгүй.
Бид бүгдээрээ “ТАНИХГҮЙ АЙЛД БҮРМӨСӨН ОРХИГДСОН ХҮҮХДҮҮД”. Бид яагаад энэ
хорвоогийн шороог хөдөлгөн явна вэ? Яагаад эцэст нь хумхын тоос болон алга
болно вэ? Яагаад эгч шиг минь ийм сайхан сэтгэлтэй гэмгүй зэмгүй эгэл жир
хүмүүс насаараа зовно вэ? Яагаад насаараа худлаа хэлж, хулгай хийж, хүн алж
хүрээ талсан нүгэлт хүмүүн жаргасаар байгаад дуусаж байна вэ? Юм яагаад ийм
байдаг юм бэ, учир шалгаан нь юу юм бэ? Энэ бол сүсэг бишрэлтэй хүмүүст
тодорхой, ойлгомжтой асуултууд.
Харин та
энэ асуултуудын хариултуудыг хаанаас хайдаг вэ? Зурагт, интернэтээс үү, номоос
уу, гүн ухаанаас уу, шашнаас уу? Хэзээ нэгэн цагт “тэр айдастай” нүүр
тулахаараа юу хийх вэ (Хэзээ
нэгэн цагт заавал нүүрэлдэнэ!)?
Бөө дээр очих уу, хийморийн сан тавиулах уу, муурын мах идэх үү, өөрийгөө
эсвэл хэн нэгнийг, аль нэг нам, төр засаг, улс орны байдлыг буруутган зүхэх үү?
ЭСВЭЛ БЛОГТОО, ФЭЙСБҮҮКТЭЭ, ТВИТТЕРТЭЭ ПОСТ БИЧИХ ҮҮ?
ter medehgui tanihgui gazar bidnii uvug deedes bidniig ugtaj avdag gsend itgeed l jaahan uujirch bna shu..
ReplyDeleteМанай нийгмийн дийлэнх нь БИЕ хүмүүс биш, зүгээр л эд эс мэт. Дагана, дуурайна, мөхөнө өлсөнө, иднэ, ууна, унтана. Түүнийгээ амьдралын төлөө тэмцэж байна гэнэ. Зөв буруу, үнэн худалын ялгаа хийгээд утга учрын талаар бодох сөхөөгүй яваа хүмүүс шүү дээ. Гэсэн атлаа яагаад, юунаас болоод, яах гэж хэмээн байнга бие биенээсээ асууна. Харин "бид зүгээр л итгэж байна" гэж хэлдэг хүмүүст ИТГЭДЭГ зүйл нь хариултыг нь аль эрт хэлээд өгчихсөн байдаг байх.
ReplyDelete